АНУ-д тайчих клубт вакцинжуулалтын цэг байгуулжээ
2021-05-24

Америкийн Лас-Вегас хотын Hustler тайчих урлагийн клубт коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтын цэг байгуулжээ. Улмаар вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүст энэ клуб тусгай хөнгөлөлт олгосон гэж Insider мэдээлсэн байна. 

 

АНУ-д 12-оос дээш бүх насныханд вакцин тарьж байгаа ч тайчих урлагийн клубт гагцхүү 21-ээс дээш насныхныг л вакцинжуулалтад хүлээж авсан гэнэ. Вакцинжуулалтын цэг тавдугаар сарын 21-ний 16:00-19:00 цагийн хооронд, ганцхан өдөр л ажилласан байна.

 

Энэ үеэр, бүрэн тундаа хамрагдсан америкчуудад байнгын үйлчлүүлэгчийн цагаан алтан карт, гэртээ үнэ төлбөргүй шил дарс авч явах, вакцинд бүрэн хамрагдсан тайчигчийн үзүүлбэр гээд олон урамшуулал амалсан гэнэ.

 

"Тун удахгүй манай салбар хэвийн байдалдаа орно гэсэн найдлагатайгаар, коронавирусийн вакцинжуулалтад хамрагдах иргэдийн идэвхийг нэмэгдүүлэхийн тулд бид боломжтой бүхнийг хийж байна" хэмээн тайчих урлагийн клубын тэргүүн Жейсон Мохни өгүүлсэн байна.

 

АНУ-д энэ аргаас гадна олон сая долларын шагналтай сугалааг вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд зохион байгуулж байгаа бөгөөд ингэснээр иргэд дархлаажуулалтад илүү идэвхтэй оролцоно гэж найдаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин