Б.Өрнөх: Эзэмшлийн болон зөвшөөрөлгүй газарт баригдсан 378 объектыг буулгасан
2021-05-25

 

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайш, хаалт төмрүүд болон нийтийн эзэмшлийн талбай, явган хүний гарц хаасан байгууламжуудыг чөлөөлөх ажил үргэлжилж байгаа. Тэгвэл нийслэлийн хэмжээнд хэдэн метр квадрат газар чөлөөлсөн, чөлөөлсөн газарт ямар бүтээн байгуулалт хийх талаар нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Б.Өрнөхөөс тодрууллаа.

 

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хэдэн гарааш, хашааг буулгаж,  хэчнээн метр квадрат газрыг чөлөөлөөд байна вэ?

 

-Нийслэлийн Засаг даргын 2021 оны хууль журмын биелэлтийг ханган ажиллах тухай А251 дугаар захирамж гарсан. Тус захирамжийн хүрээнд төвийн хэсгийг 10 блок гэж судалгааны түвшиндээ авч үзээд нийт 1730 стандартын бус хашаа, хайс, шон, хаалт зэргийн зөрчлийг илрүүлсэн. Захирамжийн хүрээнд өнөөдрийн байдлаар 11 удаагийн газар чөлөөлөлт хийгдсэн. Өөрөөр хэлбэл, 56 байршлын 893 шон, хашаа хаалтыг чөлөөлжээ.

 

Мөн газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын 2020 оны А250 дугаар захирамжийн хүрээнд нийт 256 байршлын 952 зөрчил бүхий объект бий. Үүнээс 58 байршилд 378 объектыг чөлөөлсөн.

 

-Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээнд эзэмших болон өмчлөгдсөн газарт байгаа гараашийг буулгаж байна гэсэн мэдээлэл гараад байна?

 

-Зохих хэмжээний зөвшөөрөлгүй объектуудыг захиргааны ерөнхий хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд 2-3 удаагийн албан шаардлага буюу мэдэгдэл хүргүүлж, шаардах хуудас наах зэрэг хуулийн дагуу мэдэгдсэний дагуу хугацаанд нь тухайн иргэн, хуулийн этгээд нь газраа чөлөөлөөгүй тохиолдолд нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд албан төлөвлөлт ажлаа хийж байгаа гэсэн үг.

 

Нийтийн эзэмшил эсвэл хувийн эзэмшил аль нь ч байсан захиргааны хэргийн тухай хуульд зааснаар заавал мэдэгдэл хүргүүлсэн байх шаардлагатай байдаг. Улс нийтийн төсвийн хөрөнгөөр зам хийгдэж байгаа тохиолдолд газар чөлөөлдөг.  Хэлбэрийн нөхцөлүүд нь өөр байдаг. Газрыг эзэмших, ашиглах, өмчлөх гэсэн гурван хэлбэр байдаг. Өнөөдрийн  байдлаар газар эзэмшиж байгаа болон зөвшөөрөлгүй ашиглаж буй объектуудыг чөлөөлж байгаа. Түүнээс газар өмчлөлийн гэрчилгээтэй иргэн хуулийн этгээдийн газрыг чөлөөлөөгүй гэсэн үг.

 

-Албадан чөлөөлсөн газруудыг ямар зориулалтаар ашиглах вэ?

 

-Иргэдийн аюулгүй орчинг сайжруулах, орчны тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэг орчмын талбай хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг шат дараатай хийхээр төлөвлөөд байна.

 

-Хэдий хугацаанд бүрэн нь чөлөөлж дуусах вэ? Чөлөөлсөн газрууддаа ямар бүтээн байгуулалт хийх вэ?

 

-Урин дулаан цаг ирсэн учир хэзээ чөлөөлж дуусна тэр хүртлээ энэ ажлаа хийсээр л байна. Чөлөөлсөн газруудаа судлаад Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, хот тохижилтын газар болон  холбогдох байгууллага, газруудад саналаа хүргүүлсэн. 

 

М.Насан  

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
BGD bokzaliin hoit taliin tsetserlegt hureelengiin hamgiin zuun uzuur narnii guurnii baruun talin hesgiig tumur hashaagaar hashaad hairan mod zuleg ustgaj baij bolzoshgui baigaa tul hashaag buulgaj huuchin tsetserlegiig ni sergeeh arga hemjee avch ugnu uu
2021-05-25