Путин: Вакциныг албадан хийж болохгүй
2021-05-27

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2021 оны тавдугаар сарын 26-ны өдөр эдийн засгийн асуудлаарх зөвлөгөөн явуулж, хямралаас гарах гарц, цар тахлын хор уршигтай тэмцэх талаар ярьсан байна. 

 

"Энэ оны нэгээс гуравдугаар сард Оросын ДНБ өнгөрсөн оны хямралаас өмнөх эхний улирлын үзүүлэлтээс ердөө нэг хувиар бага байна. Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд дэлхийн төдийгүй Оросын эдийн засаг хэвийн, тогтвортой, хаа сайгүй хязгаарлалт тавиагүй нөхцөлд ажиллаж байсан гэдгийг сануулъя" хэмээн Оросын Ерөнхийлөгч мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр, эхний улиралд Оросын аж үйлдвэрийн боловсруулагч салбар 1,4 хувиар, гуравдугаар сард 5,4 хувиар, харин дөрөвдүгээр сард "өнгөрсөн оны ихээхэн уналт үргэлжилж байх үед" 14,2 хувиар өссөн байна.

 

"Өнгөрсөн оны уналтын дараа манай эдийн засаг дахь хөдөлмөр эрхлэгчдийн тоо 1 200 000 мянгаар нэмэгдсэн. Энэ үзүүлэлтийг 2019 оны түвшинд гаргахын тулд дахиад дор хаяж 700 мянгаар нэмэгдүүлэх хэрэгтэй байна" хэмээн Оросын Ерөнхийлөгч үүрэг болгожээ. 

 

"Албадан вакцин хийж болохгүй"

Улс орнуудын хувьд дархлаажуулалтыг түргэсгэн, халдварын тархалтыг хумиж, эдийн засгаа сэргээх нь нэн чухал асуудал болоод байгаа юм. Тиймдээ ч Оросын Ерөнхийлөгч "сүргийн дархлаа" үүсгэхийн нэн чухлыг онцолжээ. Ийнхүү сүргийн дархлаа үүсгэхийн тулд "өргөн цар хүрээтэй дархлаажуулалт" л цорын ганц, зөв арга гэж Путин цохон тэмдэглэсэн байна.

 

Хэдийгээр ОХУ дэлхийд хамгийн түрүүнд коронавирусийн вакцин гарган аьч, өдгөө гурван ч вакцинтай байгаа ч иргэдийн идэвх төдийлөн хангалттай түвшинд хүрэхгүй байгаа юм. Тиймээс коронавирусийн вакциныг албан журмаар хийх санал ч гарсан байна. Харин Путин үүнтэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлжээ. 

 

"Вакцинжуулалтыг түргэсгэх тал дээр төрөл бүрийн санал, тэр дундаа албан журмаар дархлаажуулалтад хамруулах талаар санал гарч байгааг ч мэднэ. Үүнтэй холбоотой байр сууриа дахин хэлье. Вакцин тариулахыг албадах нь үр дүнгүй, мөн ингэж болохгүй гэж би үзэж байна. Иргэд вакцин тариулах шаардлагатай гэдгийг өөрсдөө ухамсарлан, тарилга хийлгэхгүй бол тун ноцтой, тэр бүү хэл үхлийн аюултай өвчинтэй нүүр тулна гэдгийг ойлгох ёстой" хэмээн Путин өгүүлжээ.

 

Албан журмаар вакцин тарьж эхэлсэн нь 

Хэдийгээр ОХУ-ын Ерөнхийлөгч ийм байр суурьтай байгаа ч Орост албан журмаар вакцин тарьж эхэлжээ. Гэхдээ одоогоор ганцхан Якут л ийм шийдвэр гаргасан байна. 

 

Якутын компаниуд ажилтнуудаа зайлшгүй вакцинд хамрагдахыг шаардан, вакцин тариулаагүй бол 200 мянган рубль (shuud.mn: монгол мөнгөөр 7,1 сая төгрөг) -ээс дээш хэмжээний торгууль ноогдуулна гэж анхааруулжээ. Эрүүл мэндийн шалтгаанаар вакцин тариулахгүй байж болно, харин ийм хүндэтгэх шалтгаангүйгээр вакцинаас татгалзсан бол ажилд нь оруулахгүй байхыг сануулсан байна. 

 

Якутын Засгийн газрын мэдээлснээр, олон нийтийг албан журмаар дархлаажуулах ажлыг хэд хэдэн үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд эхний ээлжинд боловсролын салбарын бүхий л ажилтнууд, түүнчлэн улсын хэмжээний олон нийтийн арга хэмжээнүүдийн зохион байгуулагчид болон оролцогчид хамрагдах юм байна. 

 

ОХУ дахь вакцинжуулалтын явц 

Цар тахал дэгдсэнээс хойш ОХУ-д коронавирусийн халдвар 4,96 сая бүртгэгдсэнээс 4,58 сая нь эдгэрч, 117 мянган хүн нас барсан юм.  Энэ улс 145, 9 сая хүн амтай бөгөөд 2021 оны намар гэхэд насанд хүрсэн хүн амынхаа 60 хувийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна.

 

Тавдугаар сарын 25-ны байдлаар 15 768 938 хүн буюу 10,8 хувь нь вакцины эхний тунд, 11 257 859 буюу 7,1 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ. Ингэснээр нийт 27 026 797 хүн вакцинд хамрагдсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Монголд хятад вакцин хүчээр хийж алж байна
2021-05-27
Mundag . Iim l bh yostoi
2021-05-27