"Алтаргана" наадамд оролцогчдоос вакцины гэрчилгээ, шинжилгээний хариу шаардана
2021-05-28

Анх Монгол Улсад зохион байгуулагдаж, улмаар олон улсын Буриад наадам болсон "Алтаргана" наадам 14 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Коронавирусийн цар тахлын нөхцөлд энэ наадмыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх зорилгоор тусгай журам боловсруулсан талаар "Байкал дейли" мэдээлжээ. 

 

"Алтаргана-2020" олон улсын Буриад соёлын наадам энэ оны долдугаар сарын 29-31-ны өдрүүдэд Буриад улсад зохион байгуулагдахаар товлогдсон. Гэхдээ COVID-19-ийн тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хугацааг өөрчилж болзошгүй талаар зохион байгуулагчид нь мэдэгджээ. 

 

"Байкал дейли" сонины мэдээлснээр, олон улсын наадмыг зохион байгуулах хороонд ОХУ-ын сенатч Баир Жамсуев, Буриадын Засгийн газрын гишүүд, Буриад, Усть-Ордын буриадын тойргийн удирдлагууд, Монголын Буриад соёл, уламжлалыг хөгжүүлэх сан, Монгол Улсын Дорнод болон Булган аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинихэ өөртөө засах тойргийн төлөөлөгчид оролцож байгаа юм байна.

 

Зохион байгуулагчдын мэдэгдсэнээр, наадамд ороцлогчид эмнэлгийн бичиг, вакцинд хамрагдсан тухай гэрчилгээ, PCR шимнжилгээний сөрөг хариу, эсрэг биет үүссэн тухай лавлагаатай байх ёстой гэнэ. Түүнчлэн наадамд оролцохоор ирэх өдөр нь оролцогчдоос шинжилгээ авах асуудлыг хэлэлцэж байгаа аж. Мөн спортын болон соёлын объектуудад ариутгалын ажил хийгдэх юм байна.

 

Наадмын үеэр нээлт, хаалт, "Дангина" гоо бүсгүй шалгаруулах тэмцээн, загвар зохион бүтээгчдийн тэмцээн, морины уралдаан зэрэг бусад арга хэмжээнүүдийг шууд дамжуулан үзүүлэх аж.

Энд дуулгахад, "Алтаргана-2020" наадам өнгөрсөн оны зургадугаар сард зохион байгуулагдах байсан ч цар тахлын улмаас 2021 онд болгон хойшлуулсан юм. "Алтаргана" наадам анх Монгол Улсад Буриад ардын дууны баяр болон зохион байгуулагдаж байв. 2002 онд Агын буриадын тойргийн нутаг дэвсгэрт болж, улмаар олон улсын чанартай наадам болон өргөжсөн. Тэр үеэс хойш Оросын Өвөр Байгалын хязгаар, Буриад Улс, Эрхүү муж болон Монгол улсад ээлжлэн зохион байгуулагдсаар ирсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин