Беларусь улс найман оронд эсэргүүцлийн ноот бичиг илгээв
2021-05-28

Беларусь улс Ирландын Ryanair онгоцыг яаралтай буулгасан хэрэгтэй холбоотойгоор олон улс мэдэгдэл гаргаж, Европын орнууд Беларусьтай агаарын харилцаагаа түр зогсоон, тус улсын нутаг дэвсгэр дээгүүр агаарын тээврийн компаниуд нислэг үйлдэхээс татгалзсан юм. 

"Онгоц барьцаалсан" Беларусь агаарын харилцаагүй үлдэв

Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын дэргэдэх Беларусь улсын байнгын төлөөлөгч Валентин Рыбаков найман орны мэдэгдэлтэй холбоотойгоор эсэргүүцлийн ноот бичиг илгээсэн хэмээн мэдэгджээ. Түүний өгүүлснээр, АНУ, Их Британи, Эстони, Франц, Ирланд, Норвеги, Бельги, Герман гэсэн орнууд багтаж байгаа аж.

 

"Мэдэгдэл гаргасан найман оронд хаяглан бид ижил утга агуулга бүхий эсэргүүцлийн ноот бичиг илгээсэн. Зохих мөрдөн шалгалт явуулж, үр дүн гарахаас өмнө аливаа үйл явдалд үнэлт дүгнэлт өгч, өөрсдийн үзэл бодлыг нийтэд мэдээлж байгаа нь НҮБ-ын тусгаар гишүүн орнуудын журмыг зөрчиж байгаагийн тод илрэл гэж бид үзэж байна" хэмээн НҮБ-ын дэргэдэх Беларусийн байнгын төлөөлөгч мэдэгджээ.

 

Түүнчлэн Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага зэрэг холбогдох газрууд албан ёсоор шалгахаас өмнө аливаа мэдэгдэл хийх нь зохисгүй гэж Рыбков онцолсон байна.

 

Эргэн сануулахад, өнгөрсөн ням гарагт Ирландын Ryanair агаарын тээврийн компанийн онгоц Беларусийн агаарын орон зайд нисэж явах үед Беларусийн диспетчерийн албанаас "онгоцонд бөмбөг суурилуулсан гэсэн мэдээлэл ирсэн тул нэн даруй газардах шаардлагатай" гэсэн мэдээллийг онгоцны багийнханд өгсөн байна. Ингээд хөлгийн экипаж онгоцыг Минск хот руу эргүүлж, яаралтай газардсан. Онгоц газардсаны дараа "бөмбөг суурилуулсан" гэх мэдээлэл батлагдаагүй бөгөөд харин зорчигчдыг шалгах үеэр энэ онгоцоор зорчиж явсан Беларусийн сөрөг хүчний төлөөлөл, сэтгүүлч Романыг баривчилсан нь олон улсын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин