Өмнөд Солонгосын кино театрууд вакцин тариулсан хүмүүст 50 хувийн хямдралтай үйлчилнэ
2021-06-02

Дэлхийн улс орнууд коронавирусийн цар тахлыг давах гол арга замуудын нэг болсон дархлаажуулалтад иргэдээ идэвхтэй хамруулахын тулд төрөл бүрийн урамшуулал амалсаар байна. Энэ ажилд эрх баригчид төдийгүй хувийн хэвшлийнхэн ч оролцож байгаа юм. Тухайлбал, Өмнөд Солонгосын кино театруудын холбоо коронавирусээс сэргийлэх вакцинд хамрагдсан хүмүүст хямдралтай үйлчилнэ гэж мэдэгджээ. 

 

Энэ оны сүүл гэхэд сүргийн дархлаа үүсгэх Засгийн газрынхаа хүчин чармайлтыг дэмжих, цар тахал эхэлснээс хойш хоосорсон кино театруудад үйлчлүүлэгчдийг татах зорилготой энэ арга хэмжээ нь зургадугаар сарын сүүл хүртэл үргэлжлэх юм байна. Аяны хүрээнд, дор хаяж нэг тун тариулсан иргэд тасалбар борлуулах цэг дээр вакцины гэрчилгээг үзүүлэн 50-60 хувийн хямдралтай үнээр тасалбар авах боломжтой гэнэ. 

 

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын Засгийн газар кино театруудыг дэмжин, иргэдийн дунд хямдралтай купонуудыг тараахаар төлөвлөж байгаагаа зарлажээ. Одоогийн байдлаар Өмнөд Солонгост 6,35 сая хүн вакцинд хамрагдсан нь хүн амынх нь 12,4 хувийг эзлэж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин