Улсын хэмжээнд тариалалт 89 хувьтай үргэлжилж байна
2021-06-04

 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 348.4 мянган га-д үр тариа, үүнээс 334.7  мянган га-д улаанбуудай, 12.4 мянган га-д төмс, 5 мянган га-д хүнсний ногоо, 7.5 мянган га-д малын тэжээл, 19.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 396 мянган га-д тариалалт хийснээр  улсын хэмжээний үр тарианы тариалалт 89.5 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт  90.9 хувь, төмс 69.3 хувь, хүнсний ногоо 52.1 хувь, малын тэжээл 11.3 хувь, тосны ургамал 48.3 хувьтай үргэлжилж байна.

 

Өнөөдрийн байдлаар хаврын тариалалтад зориулан ХААДС-гаас хүсэлт гаргасан 579 иргэн,  аж ахуйн нэгжид 12.1 мянган тонн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаатай, 289.4 мянган литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатай, 25.1 тонн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд Арилжааны банкны эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн дагуу Төрийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банкаар дамжуулан тариалан бүхий 772 иргэн, аж ахуйн нэгжийн  зээлийн хүсэлтийг хүлээн авснаас 179 иргэн, аж ахуйн нэгжид 9 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

 

“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор улсын төсвийн 1.89 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 176.2 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр худалдан авч, ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлж тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжид олгосноор тариалалт хэвийн явагдаж байна.

 

Цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Энэ сарын 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Салхи 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Shuud.mn
Сонин хачин