COVID-19: Цар тахлын улмаас 828 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж байна
2021-06-07

Дэлхий даяар коронавирусийн халдварт өвчнөөр 173 сая гаруй хүн өвчилж, 3,7 сая гаруй хүн нас баран, дэлхийн улс орнууд цар тахалтай хийх тэмцлээ үргэлжлүүлсээр байна. Коронавирусийн цар тахалтай холбоотой олон улсад болж өнгөрсөн үйл явдлуудыг тоймлон хүргэе. 

 

Коронавирусийн өөр нэг аюулын талаар эрдэмтэд сэрэмжлүүллээ 

COVID-19-ийн улмаас Гийен-Барре хам шинж өвчин үүсэж болзошгүй гэж Бирменгийн их сургуулийн эрдэмтэд сэрэмжлүүлжээ. Эрдэмтдийн мэдэгдсэнээр, судалгаанд оролцсон коронавирусийн халдварыг хөнгөн болон хүнд хэлбэрээр даван гарсан хүмүүст энэхүү хам шинжийн зарим шинж тэмдэг болох гарын сарвуу, хөлийн тавхай бадайрах, булчин сулрах, өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч байжээ.

 

Энд дуулгахад, Гийен-Барре хам шинж өвчний талаар анх  1916 онд "цочмог, өгсөх сул саажил" хэмээн тодорхойлж байв. Энэ өвчний үед хэдэн цагаас хэдхэн хоногийн дотор мэдрэлийн ёзоор ба захын мэдрүүлүүд үрэвсэж, гар хөл сулран хөдөлгөөнгүй болж, зогсох, явах чадвараа алдах, амьсгалахад хүнд болохоос эхлээд амьсгалын аппаратанд орох хүртэл хүндрэх, нүүрний нэг эсвэл хоёр тал сулран хөдөлгөөнгүй болох, зарим тохиолдолд хэл яриа орооцолдон, хахаж цацах, нүдэнд юмс хоёрлон давхарлаж харагдах шинж голчлон үүсдэг аж. Грийен-Барре хам шинж нь ихэнхдээ ханиад томуу, гэдэсний гүйлтэлт суулгалт зэрэг халдварт өвчний дараа үүсч, цөөн хоногоос дөрвөн долоо хоног хүртэлх хугацаанд даамжран хамгийн дээд цэгтээ хүрч мууддаг, үүнээс цааш хугацаанд сэргэдэг юм байна.

 

Израиль өсвөр насныхныг дархлаажуулж эхлэв

 

Израиль улс 12-15 насныхныг дархлаажуулах ажлаа ням гарагт эхлүүллээ. ВВС агентлагийн мэдээлснээр, эхний тунд хамрагдахаар орон даяар олон мянган хүүхэд бүртгүүлсэн байна. 

 

Энэ улс 16-аас дээш насныхныг дархлаажуулах ажлыг амжилттай хэрэгжүүлсний дараа цар тахалтай холбоотой бараг бүхий л хязгаарлалтаа цуцалсан юм. Дархлаажуулалтын ажлыг өргөн цар хүрээтэй явуулсан тул хязгаарлалт, хорио цуцлагдсан ч шинээр илрэх халдварын тоо нэмэгдээгүй байна.

 

Израильд өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ны өдөр дархлаажуулалтын ажил эхэлсэн бөгөөд зургадугаар сарын долооны өдрийн байдлаар тус улсын 10 хүн тутмын зургаа нь вакциндл бүрэн хамрагджээ. 

 

Испани жуулчдад хаалгаа нээв 

Испани улс вакцинд хамрагдсан жуулчдад зургадугаар сарын долооны өдрөөс эхлэн үүд хаалгаа нээлээ. Коронавирусээс сэргийлэх вакцин тариулсан хүмүүс болон тэдний гэр бүл аль улсынх байхаас үл хамааран Испанийг зорих боломжтой гэж тус улсын Засгийн газар мэдэгджээ. Түүнчлэн гадаадын аяллын хөлөг онгоцуудыг Испанийн боомтууд дээр дахин зогсохыг зөвшөөрсөн байна.

 

Испани улс хөл хорио тогтоосон хэдэн сарын дараа энэ зун аялал жуулчлалын салбар сэргэж, энэ онд 45 сая гадаадын жуулчин хүлээн авна гэж тооцоолж байгаа аж. Энэ улс жуулчдын хамгийн их сонгодог чиглэлийн хоёрдугаарт ордог бөгөөд 2019 онд Испанийг 83,5 сая жуулчин сонгожээ. Харин өнгөрсөн онд энэ тоо 77 хувиар буурсан байна.

 

Британи хязгаарлалтуудаа сунгаж болзошгүй 

 

Их Британи улс коронавирусийн "энэтхэг хувилбар" тархсантай холбоотойгоор авч хэрэгжүүлсэн хязгаарлалтуудаа энэ сарын 21-ний өдөр цуцлах байсан ч хугацааг сунгаж болзошгүй талаар ВВС агентлаг дамжуулжээ.

 

"Хязгаарлалтуудыг бүрэн цуцлах тухай эцсийн шийдвэрийг одоо гаргахад эрт байна" гэж Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгджээ. 

 

Энэ долоо хоногт Эрүүл мэндийн сайд Хэнкок болон Ерөнхий сайд Борис Жонсон нар "энэтхэг хувилбар"-ын талаарх мэдээллийг хэлэлцэх аж. Их Британид коронавирусийн энэ мутацийн халдвар ихээхэн тархсан бөгөөд "энэтхэг хувилбар" өмнөх хувилбараас 40 хувь илүү халдварлах чадвартай гэнэ. 

 

"Коронавирус өлсгөлөнгийн вирус болон хувирч байна"

 

Дэлхийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст туслах Германы байгууллагын мэдэгдсэнээр цар тахлын үед өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо ихээхэн өсчээ. 

 

"2019 онд дэлхий даяар өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо 690 сая орчим байсан бол энэ онд 828 сая хүрэх, цаашид ч өсөх төлөвтэй байна. Ингэснээр коронавирус өлсгөлөнгийн вирус болж байна" хэмээн дээрх байгууллагын нарийн бичгийн дарга Матиас Могге мэдэгдсэнийг DW дамжуулжээ. 

 

Нөхцөл байдал хүндэрч байгаа тул буурай орнууд, тэр дундаа Африкийн орнуудыг аль болох түргэн хугацаанд вакцинаар хангахыг уриалсан байна. Үүний тулд Герман болон Европын холбоо КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан буурай орнуудад өгөх вакцины нийлүүлэлтээ нэмэгдүүлэх ёстой гэж цохон тэмдэглэжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин