COVID-19: Прага хотын эсэргүүцэгчид вакцин тариулахгүй байхыг уриалжээ
2021-06-07

Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилготой хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцлахыг шаардсан жагсаал ням гарагт Чехийн нийслэл Прага хотноо болжээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, эсэргүүцлийн жагсаалд 100 орчим идэвхтэн оролцсон бөгөөд жагсаалын үеэр ноцтой зөрчил гараагүй байна. 

 

Цуглааны үеэр үг хэлсэн хүмүүс цугласан олныг коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдахгүй байхыг уриалсан байна. Хүн амыг олноор нь вакцинд хамруулах гэсэн эрх баригчдын чармайлт нь урьдчилан сэргийлэх тарилгын үр дүнгийн талаарх "худал" мэдээллийг сурталчлах зорилгоор дарамт шахалт үзүүлэн, иргэдийн хувь хүний эрх чөлөөг хязгаарлах гэсэн оролдлого хэмээн эсэргүүцэгчид мэдэгджээ

 

Чехийн эрх баригчид дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн цар тахалтай холбоотой хязгаарлалтуудыг шат дараатайгаар цуцалж байгаа юм. Халдвар хамгааллын аюулгүй байдлын арга хэмжээг чандлан мөрдөх нөхцөлтэйгээр дунд болон их дээд сургуулиудын хичээл эхэлж, зоогийн газар, уушийн газрууд нээгдсэн. Одоогоор олон нийтийн газар амны хаалт зайлшгүй зүүх журам үйлчилж байгаа бөгөөд ням гарагт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан иргэд энэ журмыг цуцлахыг шаардсан байна. Тэд энэ сарын есний өдөр дахин жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин