Аль-Жазира: Хүрэлсүхийн ялалт эрх баригчдын хяналтыг улам нэмэгдүүлэв
2021-06-10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар олон улсын хэвлэлийн агентлагууд дамжуулснаас Аль-Жазира агентлагийн мэдээг орчуулан хүргэж байна. 

 

Монголын Ерөнхий сайд асан Ухнаагийн Хүрэлсүх ардчилсан сонгуулиар сонгогдсон зургаа дахь ерөнхийлөгч болсноор тус улсын эрх баригч Монгол ардын намын засаглалыг улам бэхжүүллээ. 

 

Энэ оны эхээр эсэргүүцлийн жагсаалын дараа Ерөнхий сайдын албан тушаалаас бууж байсан Хүрэлсүх олон нийтийн сонгуулиар сөрөг хүчний Ардчилсан намаас нэр дэвшсэн Содномзундуйн Эрдэнийг илт давуу байдлаар ялсан юм.

 

Хүрэлсүх өнөөгийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын оронд төрийн тэргүүн болно. Баттулгын хувьд ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэг л удаагийн эрхээр хязгаарласан Үндсэн хуулийн маргаантай өөрчлөлтүүдийн дараа дахин нэр дэвших эрхгүй болсон юм.

 

Орос, Хятадын хооронд орших, далайд гарцгүй, улс төрийн тогтворгүй байдал нь залуу ардчиллын байнгын асуудал болсоор ирсэн энэ улсад 2 сая орчим сонгогч бий. Монгол улс олон арван жил коммунист засаглалтай байсны эцэст 1992 онд анхны Үндсэн хуулиа батлаж байв. Ардчилал тогтоод харьцангуй бага хугацаа өнгөрсөн энэ улсад улс төрийн тогтворгүй байдал гол асуудлуудын нэг болсоор ирсэн бөгөөд хүний эрхийг хангах нөхцөл байдал төдийлөн хангалтгүй, өөрөөр сэтгэгчдийг шахах хандлага үргэлжилсээр байгааг Amnesty International онцолж байлаа. 

 

Коронавирусийн халдвараас үүдэлтэй хязгаарлалтын нөхцөлд сонгуулийн өмнөх сурталчилгааны ажлыг хязгаарлагдмал нөхцөлд нэр дэвшигчид зохион байгуулсан юм. Сонгуульд нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбатын коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсны дараа бямба гарагт ихэнх арга хэмжээ цуцлагдаж байв.

 

Сонгуулийн өдөр болох лхагва гарагт монголчууд санал өгөхөөр амны хаалт, үндэсний хувцас, ажил хэрэгч болон спортын хувцастайгаар газарт тэмдэглэгдсэн шугамын дагуу хоорондоо зай барин, санал өгөхөөр дугаарлацгааж байлаа. Харин хамгаалалтын хувцастай хүмүүс санал авах хэсгүүд дээр сонгогчдыг Монголын далбааны өмнө саналаа өгөхөөс нь өмнө хэрхэн санал өгөхийг нь зааж зааварлаж байв.

 

Монгол Улсын холимог улс төрийн систем нь сонгогдсон парламентад засгийн газраа бүрдүүлэх, бодлогоо тодорхойлох эрх олгодог бол Ерөнхийлөгч нь хуулийн төсөлд хориг тавих, шүүгчдийг томилох болон халах эрхтэй байдаг юм.

 

Энэ улсын Ерөнхийлөгч нь сөрөг хүчнээс сонгогдож байсан тохиолдол олонтаа тул эрх мэдлийн хуваарилалт улс төрийн мухардлыг үүсгэн, улмаар Монгол Улсын хөгжлийг саатуулдаг гэж зарим шинжээчид үздэг. Өнгөрсөн сонгуулиар Хүрэлсүх ялалт байгуулснаар албан тушаалдаа ормогцоо намын харьяаллаасаа татгалзах ёстой ч түүний ялалт Монгол ардын намд эрх мэдлийн хөшүүргийг улам лавшруулж өгч байгаа юм.

 

Монгол ардын намын гарт эрх мэдэл бүрэн төвлөрсөн нь тус улсын хөрөнгө оруулалтын томоохон төсөл болох Оюутолгой зэсийн орд газарт хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй үлдэж байна. Рио Тинтогийн удирдлагад байх энэ төслийн уурхай барих зардал өссөнтэй холбоотойгоор Монголын Засгийн газар гэрээг эргэн нэг харахаар хичээж байгаа юм. 

 

Энэ улсын хувьд гол асуудлуудын нэг нь тэгш бус байдал бөгөөд Дэлхийн банкны сүүлийн судалгаагаар монголчуудын дунд ядуурлын түвшин 28 хувьтай байгаа аж. Түүнчлэн Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдсэн улс орнуудын нэг. Цаг уурын өөрчлөлтийн улмаас энэ улсад цөлжилт, орчны бохирдол ихээр явагдаж байгаа юм. Энд өвөл цельсийн -30 хэм хүрч хүйтрэх бол, зун цельсийн 30 хэмээс ч давж халах нь бий. Хамгийн сүүлд 2010 онд хахир өвөл тохиож, зуд болсны улмаас олон сая малаа алдаж, малчин өрхүүд нутгаа орхин төв суурин газар бараадах болсон юм.  Нүүдлийн соёлын нөлөө өнөө хэр хадгалагдаж байгаа энэ улсын хүн амын гуравны хоёр нь өнөөдөр хот сууринд амьдарч байна. 

 

Орос, Хятадын хооронд улс төрийн болоод эдийн засгийн тэмцэл дунд байдаг Монголын хүн ам 3,3 сая орчим. Сонгогчид болон улс орных нь хувьд тэгш бус байдал ноцтой асуудал болсон, коронавирусийн халдвар дахин дэгдэж байгаа энэ улсын шинэ ерөнхийлөгч нөхцөл байдлыг хэр өөрчилж чадах вэ гэдэг нь л гол асуулт хэвээр үлдэж байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
СҮРХИЙ Л БИЧЖЭЭ. МАНАЙ СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ НӨХДҮҮД ЗӨВ БИЧИЖ Ч ЧАДДАГГҮЙ ХҮМҮҮС ҮҮНИЙГ УНШМААР ЮМ.
2021-06-10
Сайхаан сайхан
2021-06-10
Ард:
- Сонгогчдыг Монголын далбааны өмнө саналаа өгөхөөс нь өмнө хэрхэн санал өгөхийг нь зааж зааварлаж байв /Террорчууд арабын хүсүүсийг "удирддаж" улс болдог шиг/. - Энэ улсын хувьд гол асуудлуудын нэг нь тэгш бус байдал бөгөөд Дэлхийн банкны сүүлийн судалгаагаар монголчуудын дунд ядуурлын түвшин 28 хувьтай байгаа /Ядуу юмнуудад нэг ийм юм хэлэх хэрэгтэй, уул нь ядуу байх нь зүгээр/. -Шинэ ерөнхийлөгч нөхцөл байдлыг хэр өөрчилж чадах вэ гэдэг нь л гол асуулт хэвээр үлдэж байна /леберал хөгжилд хүргэх хүн мөн үү/.
2021-06-10