Америкийн мах боловсруулагч компани хакеруудад 11 сая доллар төлжээ
2021-06-10

Хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа мах үйлдвэрлэлээр дэлхийд томоохонд тооцогддог, Америкийн JBS компанийн удирдлагууд хакеруудад 11 сая доллар төлсөн талаар WSJ мэдээлжээ. 

 

Цахим гэмт хэрэгтнүүд өнгөрсөн долоо хоногт тус корпорацийн систем рүү халдаж, вирус тараан, улмаар системийг хэвийн ажиллагаанд оруулахын тулд мөнгө нэхсэн юм. 

 

"Гэмт хэрэгтнүүдэд мөнгө төлөх хэцүү байлаа. Гэхдээ бид хэрэглэгчдээ бодож зөв алхам хийсэн гэж үзэж байна" хэмээн компанийн топ-менежер өгүүлсэн байна. Түүний өгүүлснээр "гадаад зөвлөхүүд" нь хакеруудтай тохиролцохыг санал болгосон гэнэ. Мөн ийм тохиролцоо хийх талаар хууль сахиулах байгууллагуудад ч мэдэгджээ. Цахим гэмт хэрэгтнүүдэд чухам хэзээ мөнгө төлсөн талаар тодорхой мэдээлээгүй байна.

 

Өнгөрсөн долоо хоногт JBS компанийн Австрали болон Хойд Америк дахь салбаруудын компьютерын сүлжээ цахим халдлагад өртсөн талаар компанийн удирдлагууд мэдээлж байлаа. Вируст программ хангамжийг ашигласан хакерын байгууллага Орост байрлаж байж болзошгүй гэж Цагаан ордон мэдэгдэж байсан юм. Түүнчлэн энэ асуудлаар Оросын эрх баригчидтай холбогдсон бөгөөд цахим халдлагын хэргийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин