Бразилын Ерөнхийлөгч амны хаалтгүй яваад торгуулжээ
2021-06-14

Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсануру бямба гарагт Сан-Паулуд гудамжаар мотоциклоор явах үедээ амны хаалтгүй зорчсоныхоо төлөө торгуульсан талаар RG мэдээлжээ. 

 

Бразилын Сан-Паулу мужийн засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр, 2020 оны тавдугаар сараас хойш мөрдөгдөж буй журмын дагуу олон нийтийн газарт амны хаалт зайлшгүй зүүх ёстой бөгөөд үүнийг зөрчсөн Ерөнхийлөгч 110 орчим долларын торгууль төлөх ёстой гэнэ. 

 

Өнгөрсөн онд коронавирусийн халдвар аваад эдгэрсэн Болсонару тавдугаар сард Мараньяо мужид дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ амны хаалт зүүгээгүйнхээ төлөө мөн л торгуульж байсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхийлөгч Болсонару бямба гарагт мотоциклоор зорчих үедээ хүмүүстэй мэндчилэн, мөн л амны хаалтгүй зорчиж явсан бусад байкеруудтай ярилцаж байжээ. Тэрбээр энэ үеэр  вакцин тариулсан хүмүүст амны хаалт хэрэггүй хэмээн ярьж байсан гэнэ. 

 

Тус улсад коронавирусээс сэргийлэх вакцинд тариулсан хүмүүс амны хаалт зүүхгүй байхыг зөвшөөрөх зөвлөмжийг Бразилийн Эрүүл мэндийн яам удахгүй гаргана гэж  Ерөнхийлөгч Жаир Болсонару өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байв. 

 

"Би Эрүүл мэндийн сайдтай ярилцлаа. Сайд вакцин тариулсан эсвэл өвдөөд эдгэрсэн хүмүүст амны хаалт зайлшгүй зүүхийг шаардахгүй байх зөвлөмжийг боловсруулах төлөвлөгөөтэй байгаа" хэмээн Болсонару мэдэгдэж байлаа. 

 

Жон Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, цар тахал дэгдсэнээс хойш Бразилд 17 сая гаруй хүн коронавирусийн халдвар авсан бол халдварын хүндрэлийн улмаас 479 мянган хүн нас баржээ. Энэ улс халдварын тохиолдлоороо дэлхийд гуравдугаарт бичигдэж байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Manai Mongol esregeeree. Dargantsar ni namaig tanisangui geed ...
2021-06-14