М.Болдсайхан: Энэ жилийн ЭЕШ-ын агуулгаас сонсох даалгаврыг хассан
2021-06-15

 

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 01-04-ны хугацаанд зохион байгуулагдана. Тэгвэл элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан эсэх, зохион байгуулалтын талаар БҮТ-ийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга  М.Болдсайханаас тодрууллаа.

 

-Энэ жилийн ЭЕШ-ыг зохион байгуулах бэлтгэл ажил бүрэн дууссан уу?

 

-Энэ жил нийт 48 шалгалтын байранд шалгалт зохион байгуулна. ЭЕШ-ын бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан байна. Шалгуулагчдын суудлын хуваарийг зарласан.  Тухайн шалгалтын байранд хянагч  багш нар болон зохион байгуулагчдыг томилох ажил үлдсэн. Шалгалтыг зохион байгуулах комиссын гишүүдийг сонгож, баталгаажуулах ажил хийгдээд дуусаж байгаа. Энэ жилийн ЭЕШ-д давхардсан тоогоор 9094 багш хянагч багшаар ажиллана. Мөн шалгалтын байр тус бүр дээр найман зохион байгуулагч багш, эмч, эмнэлгийн ажилтан ажиллах юм. Шалгалтын байр тус бүр дээр дөрвөн комисс ажиллана. ЭЕШ-ын зохион байгуулалтад оролцох бүх багш нарт вакцины бүрэн тунгаа хийлгэсэн байх шаардлага тавьж байгаа. Ингээд шалгалтын өмнөх өдөр ПСР шинжилгээ авч, шалгалтад оруулна.

 

-Шалгалтын сэдэв даалгаврыг боловсруулах ажил ямар шатанд явж байгаа вэ?

 

-Шалгалтын сэдэв, даалгавар боловсруулах ажил зургадугаар сарын 04-нөөс эхэлсэн. Зургадугаар сарын 23 гэхэд орон нутгийн шалгалтын материалыг Тагнуулын Ерөнхий газрын шуудангийн албад хүлээлгэж өгнө. Харин нийслэлийн шалгалтын материалыг зургадугаар сарын 29-нд Тагнуулын ерөнхий газрын шуудангийн албад хүлээлгэж өгнө. Шалгалтын сэдэв даалгаврыг боловсруулахдаа Улаанбаатар хотоос зайтай, утас, интернет ашиглах боломжгүй газар, 24 цагийн хараа хяналтанд  боловсруулдаг. Цагдаагийн газраас хяналт тавьдаг. Шалгалтын материалыг бэлтгэж дуусаад шууд Тагнуулын ерөнхий газар хүлээлгэж өгдөг. Шалгалтын материал бэлдэж буй хүмүүсийн гар утас, плаш зэрэг мэдээлэл задруулж болзошгүй бүхий л зүйлсийг нь хурааж авдаг. Тиймээс шалгалтын материал задрах боломжгүй. 

 

-Энэ жил ЭЕШ-ын даалгаврын агуулгын хүрээг зааж өгсөн байсан? 

 

-Энэ жилийн тухайд шалгалтын агуулгыг зарласан.

 

БҮТ-өөс сэтгэлзүйн зөвлөгөө өгөх “Чатбокс” үйлчилгээг эхлүүлсэн байсан. Өдөрт дунджаар хэдэн шалгуулагч холбогдож сэтгэлзүйн зөвлөгөө авч байна вэ? 

 

-Цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд сурагчид танхимын сургалтад төдийлөн хамрагдаж чадсангүй. Өөрөөр хэлбэл, цахим сургалтад хамрагдсан. Тиймээс шалгуулагчдын дунд , шалгалтандаа өндөр оноо авч чадахгүй, бусад хүүхдүүдээс агуулгаараа хоцорсон  зэрэг багагүй айдас бий болсон. Тиймээс Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн хүрээнд хүүхдүүдийг шалгалтын айдсаа даван туулахад туслах зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор “Чатбокс” үйлчилгээг эхлүүлсэн. Уг үйлчилгээг тавдугаар сарын 24-нөөс зургадугаар сарын 24-ний хугацаанд хэрэгжүүлнэ. Одоогоор өдөрт 100 орчим сурагчид холбогдож, зөвлөгөө авч байна.  Гэхдээ дан ганц шалгалтын сэтгэлзүйн асуудлаар бус гэр бүл, дарамт, өсвөр насны хүүхдийн өөрчлөлт, бэлгийн дарамь зэрэг олон асуудлаар холбогдож байгаа.  Түүнчлэн эцэг эхчүүд холбогдон зөвлөгөө авч байна. 

 

-Хэдэн аймагт танхимын давтлага зохион байгуулагдаж байна?

 

-Танхимын давтлага тавдугаар сарын 17-ноос зургадугаар сарын 17-ны өдрүүдэд зохион байгуулагдах байсан. Гэвч ихэнх аймгуудад халдварын нөхцөл байдал хүндэрсэн учир танхимын давтлагыг зогсоосон байна. Сурагчид онлайн давтлага хийж байгаа.

 

Шалгалтын онооны батламж хуудсыг хэзээ тараах вэ?

 

-Сонсох даалгавар энэ жилийн шалгалтын агуулгаас хасагдсан. Шалгалтын дүн оноог шалгалт өгсөн даруйд нь шууд засалтын технологийн дагуу засна. Лайваар дамжуулна. Энэ жилийн их дээд сургуулийн элсэлт цахимаар зохион байгуулагдана. Долдугаар сарын 08-наас эхлэн шалгуулагчдад батламж хуудас өгнө.

 

Дахин хатуу хөл хорио тогтоовол ЭЕШ хэрхэн зохион байгуулах вэ?

 

-Одоогоор ямар нэгэн чиглэл ирүүлээгүй байна. УОК-оос ирүүлсэн албан бичигт ЭЕШ-ыг долдугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулна. Үүнийг зохион байгуулахдаа эрүүл ахуйн онцгой дэглэмийн дор зохион байгуулахаар чиглэл өгсөн. Нэг шалгалтын байранд 25-40 шалгуулагч байна.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
ЭЕШ-н дунджаар сургуулиудыг эрэмбэлэдэгийг болиочээ. Хамгийн шилдэг багштай сургалтын орчинтой хувийн сургууль хотын захын жирийн ардын сургууль 2г харьцуулж уралдуудагаа болих хэрэгтэй.
2021-06-15
Зочин:
Жирийн үед 1 ширээнд 1 сурагч суудаг байсан одоо 25-40 гэхээр 2 сурагч суух нь ковидын үед зүгээр үү? Шалгалтын хугацаа 80-100 минут
2021-06-15