Айдастай ӨДРҮҮД
2021-06-15

Сонгуулийн дараах ердийн өдрүүд үргэлжлэх хэдий ч иргэд айдастай байна. Коронавирусийн цар тахлын халдвар өдөрт 2000-аараа илэрч, нас баралтын тоо нэмэгдсээр. Нийслэлийн хэмжээнд халдварт вирусийн эсрэг вакцины II тундаа иргэдийн 90 орчим хувь нь хамрагдсан, орон нутагт вакцины нэгдүгээр тунгийн дархлаажуулалт үргэлжилж байгаа. Гэсэн хэдий ч сүүлийн долоо хоногт халдварын тоо нэмэгдэж, ойр тойрны таньдаг хүмүүс коронавирусийн халдвараар өвдөж, цахим сүлжээгээр халдвар авсан иргэд зовиурын байдлаа илэрхийлж, эмийн санд урт дараалал үүсч байна.Вакцины II тундаа хамрагдаж, 14 хоногийн хугацаа өнгөрсөн байхад халдвар авахгүй, аюул ард хоцорно гэсэн найдвар үгүй боллоо. Вакцины тундаа бүрэн хамрагдаад сар гаруй  болсон иргэд ч аюулт цар тахлын халдварт өртөж байна. Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг.

Тэр дундаа дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюулаас хүн амаа хэрхэн өвчлөл багатай, амь насыг нь эрсдүүлэлгүй авч гарах вэ гэсэн төр, засгийн бодлого ч вакцины бүтэн тунгаас цааш тасалдаж, “чимээгүй тасарлаа”.

 

Энэ хүнд өдрүүдэд төр, засагт бурууг өгөхөөс илүүтэй иргэн хүн амиа хамгаалах, олны хөлийн газар явахгүй, ариутгал, чанартай хоол хүнсний дэглэмээ барьж, амны хаалт зүүхээс гадна халдвараас урьдчилан сэргийлэх эм, танг өөр өөрсдийн боломжоор хэрэглэж байна. Гэсэн хэдий ч нийгэм нэлдээ  айдастай байна, юун улсын наадам.

 

Халдварт цар тахал улс орны эдийн засгийг бүхэлд нь нураалаа.  Төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил оны эхний хагас жилд төлөвлөснөөс тэдэн хувь илүү,  тэдэн хувийн хоцрогдолтой гэсэн тооцооллыг гаргаад ч нэмэргүй, ковидын үеийн стандарт үйлчилж байгаа. Хуулийн хугацаандаа зохион байгуулагдсан ганц ажил нь Ерөнхийлөгчийн сонгууль. Эрх баригч хүчин төсөв төлөвлөгөөг ягштал тооцоолж, хууль заасан хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах үүрэг чиглэлийг СЕХ-нд өгч, хэрэгжүүллээ.

 

МАН-аас нэр дэвшин сонгогдсон МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ сарын 25-нд тангараг өргөнө. Ингэснээр МАН бүхэлдээ төр, засгийн эрхийг атгаж, Монгол бүхэлдээ нэг намын удирлагад орлоо.

 

Эрх баригч хүчний дараагийн ягштал хэрэгжүүлэх ажил нь Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ой. Халдварын тоо нэмэгдэж, нас баралт өссөн энэ үед олон нийт “наадмаа өнжье” гэж уриалж байна. Олон нийтийн энэ уриалга, шаардлагыг төр, засаг хүлээн авч, наадмыг үзэгчийн суудлаас бус цахимаар зохион байгуулах шатанд шилжих байх. Магадгүй, дөнгөж тангарагаа өргөн, ард түмэндээ хандан улсын баяр наадмын төв талбайгаас үг хэлэх боломжгүй нь шинэ Ерөнхийлөгчид “амтгүй” санагдаж болох. Гэхдээ наадмаас чухал нэн тэргүүний асуудал нь эрүүл энх гэдгийг ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч эрх биш мэднэ. Тэгээд ч цаана нь чилийсэн таван жилийн бүрэн эрхийн хугацаа түүнд бий.

 

Иргэдийн санаа зовоож байгаа дараагийн асуудал нь ажлын байр, амжиргааны төсөв. Энэ оны эхнээс хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг тав дахин нэмж, энэ сарыг дуустал сар бүр 100 мянган төгрөг олгосоор ирсэн. Насанд хүрээгүй дөрвөн хүүхэд өрхөд энэ мөнгөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс давсан орлого байлаа. Сарын 600 мянган төгрөгийн цалинтай энгийн албан хаагч, ажилтан бүтэн сар байгууллагадаа  хөлс, хөдөлмөрөө зарцуулан ажиллаж, шимтгэлээ суутгаад авдаг цалинтай тэнцэнэ.

 

Тиймээс ч зарим иргэд ажил хөдөлмөр хийж, нойр хоолоо хасан зүтгэснээс, гэртээ хүүхэд төрүүлээд халамжинд хамрагдаад амар жимэр амьдарч болох л байж гэж байх вэ. Гашуун ч гэсэн өнөөгийн нийгмийн үнэн үг. Харин хуулийн хугацаатай халамжийн энэ арга хэмжээ дуусгавар болж байгаатай холбоотой зарим иргэд мөн л амьжиргаагаа яаж залгуулах вэ гэсэн асуудал дагуулж байна. Учир нь аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоож, ажилгүйдэл тоооцооллоос давсан. Цар тахлын халдвар дотооддоо алдаагүй байсан 2020 оны нэгдүгээр сар төрийн зарим компаниуд ажилчдаа “цомхотгон”, цалингийн 60 хувиар цалинжуулсаар өнөөдрийг хүрч байгаа. Тиймээс халамжийн чиглэлийн арга хэмжээ үргэлжлүүлэх магадлалтай гэсэн горьдлогыг зарим нь тээж байна. 

 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих” 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж, юун түрүүн аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор гурван хувийн хүүтэй зээл олгосон. Хоёр их наяд төгрөгийн хүрээнд олгох зээлийн хэмжээг  дахин нэг их наяд төгрөг нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргасан.

 

Гурван хувийн хүүтэй зээл эрэлт ихтэй, эзэндээ хүрч  олгогдож байгаа нь үл мэдэгдэх ч, зээл олголт хэдийнэ дуусгавар болох талдаа орсон байна лээ. Хэзээ үр дүн нь мэдрэгдэж, эдийн засаг өнгөө засахыг таашгүй.

 

Ийнхүү цар тахлын үеийн түгшүүртэй өдрүүд үргэлжилж байна. Уг нь өнөөдрөөр айдсаа ардаа давна гэж төр, засгаас мэдэгдэж байсан ч хэрэгжээгүй.  Дараагийн дахиад 10 хоног тэсвэл цар тахлын үеийн гурав дахь давалгаа дуусгавар болно гэсэн мессэж илгээж байгаа ч итгэх хүн хэр бол. Халдварын аюулаас хувь нь өөрөө л сэргийлж, давж гарах гарц үлдээд байна.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Виросел вакцины эхний тунг ЕС Оюунэрдэнэ хийлгэсэн гэх боловч өөртөө Спутник хийлгэсэн байна. Тэгээнд иргэддээ Хужаа вакциныг туршиж эхлэсэн нь одоо үйл лаыгий нь ард түмэн нь үүрэх боллоо. Муу ёронгийн МАН ын хийхгүй муу мухай зүйл гнж алга аа. Тэмцэх цаг ирнэ.
2021-06-16
Zochin:
3 huviin zeel yag heregtei hundee ochoogui.Negent businesee bosgochihson humuus umnu ni avsan undur huutei zeelee 3 huviar solison.Ihenh ni mashin avch unaj bgaa.
2021-06-15
иргэн:
Эцсийн эцэст яах гэж вакцин тариулаад байгаа билээ, Ойлгогдохгүй болоод явчихлаа. Вакцин тариулсанаараа энэ улс дэлхий дээр тэргүүн байранд орсон байтал дэлхий дээрх хамгийн их өвчлөлтэй, хамгийн их үхэлтэй орон боллоо. Одоо тэгээд яахав. Хөл хорио тогтоогоочээ. Бүх хүнээ өвчлүүлж үхүүлэхгээгүй юм бол хүүхдүүд өвдөөд эхэллээ. ТОм хүн өвчнөө даахгүй үхээд байхад хүүхдүүддээ халдааж хэрхэвч болохгүй
2021-06-15
ужуж:
Сонгууль, энэ шагнал нэрмээс боллоо. Дээр нь буруу мэдээлэлтэй хүмүүс байна.
2021-06-15
oogii:
арав араваараа үхэж байна, Хүний амь нас чухал бна, та нарын хувийн бизнес дампуурах гээд байна уу шийдвэрт нөлөөлж байгаа дарга нараа,Ар гэртээ хичнээн нандин хүмүүс үхэж байгааг бодож үзсэн үү УОК ийнхоон
2021-06-15
oogii:
хөл хорио тогтоо
2021-06-15