Доргионы шалтгаант өвчин хүний биед эдгэшгүй эмгэг өөрчлөлтийг бий болгодог
2021-06-15

Доргион нь тодорхой давтамжтай үргэлжилж байдаг механик хэлбэлзэх хөдөлгөөн юм. Сүүлийн жилүүдэд манай улсад уул уурхайн зам тээврийн салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой аж ахуйн нэгж байгууллагууд ажлын байранд доргион үүсгэдэг техник тоног төхөөрөмжийг өргөн хэрэглэж байгаагаас янз бүрийн доргионтой нөхцөлд ажиллах ажилчдын тоо улам бүр нэмэгдэж байна.

 

Монгол Улсын хэмжээнд   2020 оны байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас 2961 иргэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн идэвхитэй хяналтад байгаагаас 23,1 хувь буюу 684 иргэн мэргэжлээс шалтгаалсан мэдрэлийн өвчний оноштой байна. Доргион нь хатуу биеэс үүсэх үечилсэн хэлбэлзэл бөгөөд энэ нь удаан хугацаагаар үйлдвэрлэлийн шуугиан, бичил цаг уурын хүйтэн сэрүүн нөхцөл, булчингийн хэт ачаалал болон бусад сөрөг хүчин зүйлүүдтэй хавсарч, хүний бие махбодид нөлөөлсний улмаас үүсэх өвчнийг мэргэжлээс шалтгаалсан доргионы өвчин гэнэ. 

 

Мэргэжлээс шалтгаалсан доргионы өвчин  нь хүний биед эргэшгүй эмгэг өөрчлөлтийг бий болгодог. Ажлын байранд доргионоос сэргийлэх инженер, технологи, удирдлага-зохион байгуулалтын арга хэмжээг оновчтой, үр нөлөөтэй зохион байгуулснаар мэргэжлээс шалтгаалсан доргионы өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

 

Доргионы өвчний үндсэн шинж тэмдгийн нэг нь судсанд гарах гажуудал юм. Юуны өмнө захын судасны эргэлтийн гажуудал, капилляр судасны тонус алдагдах, гемодинамикийн ерөнхий гажуудал үүснэ. Доргионы өвчний үед полиневритын шинж тэмдгүүд  дээд мөчүүдийн өвдөлт шөнө амарч байх үед мэдэгдэнэ. Мөн алганы өвдөлт температурын мэдрэг чанар алдагдах явдал юм.

 

Ерөнхий доргионы нөлөөгөөр үүсэх доргионы өвчин тээврийн хэрэгслийн ба тээвэр-технологийн машин агрегатын жолооч нарт тохиолдож, толгой өвдөх, эргэх болон хэт хямрамтгай болох зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Харин гэдэс дотор эрхтэн сэгсрэгдсэний улмаас хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаанд гажуудал үүсдэг. Өвчний явц маш бүдэг шинжээр удаан хугацаанд үргэлжлэн, цаашид явж хүндрэх клиник шинж тэмдэгүүд гүнзгийрч, олон эрхтэн системийг хамардаг учраас өвчний зовиурт маш сайн анхаарал хандуулах хэрэгтэйг хөдөлмөрийн нөхцөлийн эрүүл ахуйч нар анхааруулдаг. Цаашид бүхий л салбарт доргион үүсгэдэг төхөөрөмж нэмэгдэх хандлагатай байгаа нөхцөлд доргионы эмгэгээс урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарах шаардлагатай болж байна.

 

Эрүүл мэндийн сайдын 2014 оны 340 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар ажил мэргэжлээс хамааран эрүүл мэндийн үзлэг хийх жагсаалтыг баталсан байдаг. Үүнд доргионы нөхцөлд ажилладаг ажилчдыг 2 жилд 1 удаа эрүүл мэндийг хугацаат үзлэгт бүрэн хамруулах ёстой гэж тусгасан байдаг.

Shuud.mn
Сонин хачин