ВИДЕО: Зугтсан зааны сүргийг нутагт нь эргүүлэн хүргэнэ
2021-06-15

Хятадын нутгаасаа зугатсан зааны сүргийг нутаглах тохиромжтой газар руу нь хүргэхээр болжээ. Ийм төлөвлөгөөг Азийн зэрлэг зааны нүүдлийн мониторингийн штаб танилцуулсан байна. 

 

Зааны сүргийг, дасал болсон нутаг руу нь буюу өмнөд хэсэг рүү эргүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний тулд өгөөш тавих, зам хаах зэрэг аргуудыг хэрэглэх гэнэ. Түүнчлэн борооны улирал тохиож, орчны температур буурч байгаа нь заануудыг эргүүлэн нутагт нь хүргэхэд сайнаар нөлөөлнө гэж штабынхан үзэж байгаа талаар Жэнминь жибао мэдээлжээ.  Одоогоор зааны сүргийг 18 дрон ашиглан 319 хүн ажиглан, хяналт тавьж байгаа аж.

 

Азийн 15 заанаас бүрдэх сүрэг энэ сарын эхээр олон нийтийн анхааралд орсон юм. Зааны сүрэг Юньнань мужийн өмнөд хэсэг Синуанбаньн-Дайн автономт тойрог дахь дархан цаазат газраас гарч, хойд зүгийг чиглэн 500 км замыг туулжээ. Одоо нэг заан Куньмин хотын орчимд үлдсэн бол бусад заанууд Юйси хотын нутаг дэвсгэрээр явж байгаа гэнэ. 

 

Заанууд дархан цаазат газраас нүүдэллэсний шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд тэд явах замдаа нутгийн дэд бүтцэд 400 гаруй эвдрэл гэмтэл учруулжээ. Мөн Юаньжян, Шипин суурингуудад гэхэд л хөдөө аж ахуйн тариалангийн 56 га газрыг устгасан байна. Түүнчлэн нутгийн оршин суугчдад ч хохирол учруулжээ. Тухайлбал, Эшан хотын оршин суугчдыг энэ үеэр гэрээсээ гарахгүй байхыг эрх баригчид үүрэг болгосон бол зургаан цагийн туршид заанууд хотын гудамжаар явж байсан тул явган хүн, автомашинуудыг нүүлгэн шилжүүлжээ. Заануудын учруулсан хохирол нэг сая ам.доллар гэж эх сурвалжууд мэдээлж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин