Хоёр Солонгосын хилийг роботууд хамгаална
2021-06-15

Бүгд Найрамдах Солонгос Улс Хойд Солонгостой хиллэх улсын хилийн бүсэд хамгийн орчин үеийн мэдрэгч, хиймэл оюун ухаантай роботуудыг ажиллуулахаар болжээ. Энэ талаар Өмнөд Солонгосын батлан хамгаалахын худалдан авалтын агентлаг мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 2.5 сая долларын өртөгтэй эхний хоёр хилчин роботыг энэ оны 10 дугаар сараас эхлэн цэрэггүй бүсэд байршуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Гурван сарын турш энэ хоёр робот ажилласны дараа тэднийг олноор нь ашиглах эсэх шийдвэрийг гаргах юм байна.

 

Роботууд тусгай төмөр замаар секундэд таван метр хүртэлх хурдтайгаар явж, бүтэн өдрийн туршид жижүүрлэх аж. Хилчин роботууд өндөр нягтралтай эргэдэг камер, орчин үеийн мэдрэгчүүдээр тоноглогджээ. Мөн хиймэл овун ухаан нь дуу чимээ, камерын дүрслэлийг бие даан шинжлэн, сэжигтэй үйлдэл илрүүлсэн нөхцөлд операторуудад мэдээлэх аж. 

 

"Роботуудыг ашигласнаар хоногийн туршид илүү найдвартай ажиглалт хийн, Өмнөд Солонгосын цэргүүдийн байлдааны бэлэн байдлыг нэмэгдүүлнэ" гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын худалдан авалтын агентлаг онцолжээ. 

 

Эдгээр роботууд нь өөрсдөө суралцах чадвартай бөгөөд цаашлаад ажиллагаа нь илүү үр дүнтэй болно гэж найдаж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин