ОХУ: Иргэдийг вакцинд хамруулахын тулд машины хонжвортой сугалаа зарлажээ
2021-06-16

Дэлхий дахин дархлаажуулалтын тусламжтайгаар цар тахлыг давахыг хичээж байгаа ч зарим орон огт вакцингүй, харин зарим оронд вакцины нөөц хангалттай байгаа ч иргэдийн вакцинд хамрагдах идэвх хангалтгүй байгаа юм. Тиймдээ ч олон орон дархлаажуулалтын ажлыг хурдацтай явуулахын тулд иргэддээ төрөл бүрийн тэтгэмж урамшуулал өгч байснаа өндөр хонжвортой сугалаа зохион байгуулах болсон. Эдгээр орнуудад Хонконг, АНУ зэрэг олон орон багтаж байсан бол энэ удаад хойд хөрш багтжээ.  

 

ОХУ цар тахал дэгдсэнээс хойш дэлхийн бусад орнуудаас хамгийн түрүүнд коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин гарган авч, одоогийн байдлаар гурван ч вакцин бүртгэгдсэн, олон нийтийн дархлаажуулалтад ашиглаж байгаа ч иргэд төдийлөн идэвхтэй хамрагдахгүй байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна. Түүнчлэн сүүлийн үед халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаагийн улмаас дахин хязгаарлалт тогтоохоос аргагүй болжээ. 

 

Тиймээс нэн яаралтай дархлаажуулалтын ажлыг өргөн хүрээнд явуулах үүднээс ОХУ-ын нийслэл Москва хотод автомашины хонжвортой сугалаа явуулахаар болжээ. Машины хонжворт сугалаанд зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 11-ний хооронд коронавирусээс сэргийлэх вакцины эхний тунг тариулсан хүмүүс л оролцох боломжтой гэнэ. Улмаар долоо хоног бүр таван автомашины ялагчийг тодруулах аж. 

 

Москва хотын дарга Сергей Собянины мэдэгдсэнээр, сугалааны хонжвор болох машин тус бүрийн үнэ нь 1 сая орчим рубль гэнэ. Сугалааны тохирлыг зургадугаар сарын 23-ны өдрөөс эхлэн лхагва гараг бүр  телевизээр тодруулах юм байна. Оршин суугчдын дархлаажуулалтад хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор явуулах энэ сугалааны ивээн тэтгэгчээр Оросын төмөр зам, "Лукойл", "Мегафон" зэрэг томоохон компаниуд оролцож байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин