Токио-2020: Халдвар хамгааллын журмыг зөрчвөл олимпын оролцогчдыг албадан гаргана
2021-06-16

Токио-2020 олимпын наадам өнгөрсөн жил цар тахлын улмаас хойшлогдож, энэ оны долдугаар сард нээлтээ хийхээр болсон. Коронавирусийн халдварын тархалт хумигдахгүй байгаа тул энэ наадмыг зохион байгуулахын тулд олон өөрчлөлт оруулж, халдвар хамгааллын журмыг чандлан хэрэгжүүлэхээр болсон юм. 

 

Иймээс аюулгүй байдлын арга хэмжээ болон коронавирусийн эсрэг журмыг зөрчсөн тохиолдолд Олимпын оролцогч төдийгүй гадаадын зочид болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг Японоос албадан гаргах хүртэл арга хэмжээ авахаар болжээ. Энэ талаар Олимпын наадмын үеэр халдвар хамгааллын дэглэм сахиулах шинэчилсэн зааварт тусгасан гэж РИА Новости мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, журмыг зөрчсөн хэлбэрээс хамаарч төрөл бүрийн шийтгэл оноох гэнэ. Жижиг зөрчилд сануулга, түр хугацаанд эрхийг нь хасах, мөнгөн торгууль ноогдуулах зэрэг шийтгэл  оноох бол ноцтой зөрчилд эрхийг бүр мөсөн хасах, наадмаас хасах мөн Японоос албадан гаргах арга хэмжээ авах гэнэ.

 

Олимпын наадмын үеэр амны хаалт зүүх журмыг зөрчих, коронавирусийн шинжилгээ өгөхөөс татгалзах, зөвшөөрөгдсөн газруудын жагсаалтад багтаагүй газар очих зэрэг нь зөрчилд тооцогдоно гэж журмыг санаачилагчид өгүүлжээ.

 

Токио-2020: Олимпын хотхонд бэлгэвч тараах ч хэрэглэхгүй байхыг зөвлөв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин