Москвад хувьссан энэтхэг штамм илэрч, албан журмаар дархлаажуулахаар болов
2021-06-17

 

Дэлхий дахин хязгаарлалт, дархлаажуулалтын тусламжтайгаар цар тахалтай тэмцсээр байна. Зургадугаар сарын 16-ны байдлаар дэлхий даяар 177 сая гаруй хүн халдвар авсанаас 3.8 сая хүн нас барж, 162 сая гаруй хүн эдгэрчээ. 

 

Москвад нийт ажилтнуудын 60 хувийг дархлаажуулна

 

Оросын нийслэл Москва хотноо коронавирусийн хувьссан энэтхэг хувилбар илэрчээ. Одоо эрдэмтэд "Спутник V" вакцин энэ хувилбарын эсрэг үр дүнтэй эсэхийг судалж байгаа аж. Москва хотод өвчлөл дахин дэгдсэн тул вирусийг оношлох нэмэлт төв байгуулахаар болжээ. Түүнчлэн дархлаажуулалтыг нэмэгдүүлэх журам баталсан байна. 

 

Тодруулбал, Москва мужид тодорхой мэргэжлийн хүмүүс коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд албан журмаар хамрагдахаар болжээ. Ийм шийдвэрийг Оросын нийслэлийн ерөнхий эрүүл ахуйч эмч гаргасан бөгөөд эдийн засгийн төрөл бүрийн салбаруудад ажиллаж буй нийт ажилтнуудын 60 хувь нь албан журмаар вакцинд хамрагдах юм байна.

 

Тэр дундаа, худалдаа, нийтийн хоол, иргэдэд үйлчлэх санхүүгийн байгууллагууд, шуудан, гоо сайхны салон, массаж болон алжаал тайлах салон, халуун усны газар, саун, такси, фитнес клуб болон усан сангийн ажилтнууд багтаж байгаа аж. Түүнчлэн нийтийн тээвэр, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ, орон сууц нийтийн аж ахуйн байгууллага, соёл, амралтын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын ажилтнууд албан журмаар вакцинд хамрагдах юм байна. 

 

Орост өнгөрсөн хоногт 13397 тохиолдол, 396 нас баралт бүртгэгдсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш ОХУ-д нийт 5 249 990 халдварын тохиолдол, 127 576 нас баралт бүртгэгдэж 4 828 500 хүн эдгэрчээ. Зургадугаар сарын есний өдрөөс Орост коронавирусийн халдварын өсөлт ажиглагдаж байгаа бөгөөд хоногийн хэлбэлзэл 13-14 мянга байгаа гэнэ. Харин тавдугаар сард энэ үзүүлэлт 8-10 мянга дотор байжээ. 

 

Францад товлосон хугацаанаас 10 өдрийн өмнө хөл хорих цагийг цуцлав

 

Коронавирусийн халдварын тархалтыг хумих зорилгоор Францад 23.00 цагаас хойш хөл хорих цаг үйлчилж байсан юм. Энэ хязгаарлалт зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэх байсан ч товлосон хугацаанаас 10 өдрийн өмнө буюу энэ сарын 20-ны өдрөөс цуцлахаар болсон талаар Засгийн газрын тэргүүн Жан Кастекс мэдэгдсэн байна.

 

Таж-Махал үүдээ нээлээ 

 

 

Энэтхэгт Таж-Махал дахин үүдээ нээлээ. Зургадугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дэлхийн долоон гайхамшгийн нэг болсон Таж-Махал руу өдөрт 650 -аас ихгүй хүн зочилж болох бөгөөд тасалбарыг интернетээр авах шаардлагатай аж. Таж-Махалын ажилтнууд зочдын халууныг хэмжин оруулах бол зочид амны хаалт зүүж, хүн хооронд 1-2 метрийн зай барин үйлчлүүлэх ёстой гэнэ.

 

Энэтхэгт сүүлийн 24 цагт 62 244 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэнэр нийт халдварын тоо 29.63 сая болсон байна. Өнгөрсөн хоногт 2542 хүн нас барснаар халдварын хүндрэлийн улмаас нас барсан хүний тоо 379 573 болжээ.

 

Хятадад дотоодын халдвар бүртгэгдсэнгүй 

 

Өнгөрсөн хоногт Хятадад халдварын 21 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр нь бүгд хилийн чанадаас ирсэн хүмүүс бөгөөд 15 нь Гуандун, гурав нь Шанхай, хоёр нь Жянсу мужид харин нэг тохиолдол Сычуань мужид илэрсэн гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комисс мэдээлсэн байна. Энэ комиссын мэдээлснээр, цар тахал дэгдсэнээс хойш тус улсад халдвар авсан хүний тоо 91 492 болсон бол 4636 хүн COVID-19-ийн улмаас нас баржээ.  

 

Вирус хаашаа ч алга болохгүй 

 

Дэлхийн хүн амын ихэнх нь вакцинд хамрагдсан ч SARS-CoV-2 коронавирус устахгүй гэж эрдэмтэд үзэж байна. Тиймээс, вакциныг нийцүүлэн өөрчлөх, халдварын тархалтын давалгааг эрт үед нь илрүүлэх боломжтой болохын тулд эмгэгийн байнгын мониторинг хийх нь чухал гэнэ.

 

Энэ нь дэлхий дахины нийтлэг асуудал тул зохих олон улсын тогтолцоог бий болгох ёстой гэж Женевийн шинэ вирусийн өвчлөлийн судалгааны төвийн тэргүүн Изабелла Экерле мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин