Б.Цэцэгсайхан: Коронавирусийн эмчилгээний эмийг хөнгөлөлттэй үнээр олгох боломжгүй
2021-06-17

 

Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс коронавирусийн эсрэг эмийн нөөц, хангамж, үнийн асуудал үүсэж байгаа. Иймд Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхантай ярилцлаа.

 

-Сүүлийн өдрүүдэд халдварын нөхцөл байдал хүндэрч байна. Гэтэл вирусийн эсрэг эмүүдийн үнэ өссөөр байна. Энэ асуудлын хэрхэн шийдвэрлэх вэ?

 

-Өнөөдөр Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Эм ханган нийлүүлэх байгууллагуудын холбооны төлөөлөл, вирусийн эсрэг эм импортлох тусгай зөвшөөрөл авсан 15 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ удаагийн уулзалт  нь вирусийн  эсрэг эмийн нөөц хангамжийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг  хэрхэн шийдвэрлэх, эмийн үнийн асуудлыг шийдэж, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, үнийн хязгаарыг яаж тогтоох гол зорилготой.

 

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд зааснаар вирусийн эсрэг эмийг хүний эмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар импортын нэг удаагийн лиценз олгодог. Өнөөдрийн байдлаар нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед эмийн хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд  Хүний эмийн зөвлөлийн гурван удаагийн хурлаар 12 нэрийн вирусийн эсрэг эмийг импортлох зөвшөөрлийг   15 эм ханган нийлүүлэх байгууллагад Эрүүл мэндийн сайдын тушаалаар олгосон байна.

 

2021 оны эхний хагас жилийн байдлаар вирусийн эсрэг Умифеновир 100мг эмийг 3.0 сая ширхэг шахмалыг импортлох зөвшөөрлийг олгосноос 2.1 сая ширхгийг, Умифеновир 200мг тунгаар 1.3 сая ширхэгийг импортлох зөвшөөрөл олгосноос 995 мянган ширхэг, Фавипиравир эмийг 2.1 сая ширхгийг импортлох зөвшөөрөл олгосноос 750 мянган ширхгийг, Ремдесивир эмийг 25.700 ширхгийг импортлох зөвшөөрөл олгосноос 12.200 ширхгийг тус тус импортолсон байна. Өнөөдрийн байдлаар манай улсын вирусийн эсрэг эмийн нөөц хангалттай байгаа. Харин Ремдесивир тариаг  нэн хүнд болон хүнд хүмүүс хэрэглэдэг. Дэлхий дахинаа хомсдол үүссэн.  Тиймээс манай улсад хангалт, нөөц дутмаг  байна.

 

Вирусийн эсрэг эмүүдийг эмчийн жоргүйгээр олгож байгаа гэлээ. Жишээлбэл, Арбидол  эм нь коронавируст зориулагдаж бүтээгдээгүй бөгөөд зөвхөн томуугийн үед уудаг эм. Гэтэл эмчийн жоргүйгээр хүмүүс олноор худалдаж авч, хэрэглэж байна. Сөрөг үр дагавартай юу?

 

-Вирусийн эсрэг ямар ч эмийг зохистой хэрэглэхгүй бол сөрөг үр дагавар, гаж нөлөө үзүүлэх  эрсдэл өндөр байдаг. Арбидол эмийн хувьд коронавирусийн хөнгөн тохиолдолд хэрэглэхийг зөвлөж байгаа. Зайлшгүй эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой. Гэтэл иргэд эмчээс зөвлөгөө авалгүйгээр дур мэдэн хэрэглэж байгаа үйлдэл нилээн ажиглагдаж байна.  Иймд ШӨХТГ-тай хамтарсан шалгалт хийж байгаа. Зах зээл дээр үнэхээр үнэ нэмэгдсэн байгаа эсэхийг шалгана. Ингээд шалгалтын дараа тодорхой арга хэмжээ авч ажиллана.

 

Энэ асуудалд хяналт зохицуулалт бий юу?

 

-Одоогийн  байдлаар эмийн сангаар эмийг жоргүй олгож байгаа. Шууд жороор олгох боломж байхгүй. Бусад оронд ч адил жоргүйгээр эмийн санд худалдаалагддаг учраас энэ практикийн дагуу жоргүй зарж байгаа.

 

-Вирусийн эсрэг эмийг импортлох тусгай зөвшөөрлийг олгохдоо эмийн үнийн хязгаарлалтыг тогтоож, хэлэлцээгүй гэж үү?

 

-Тухайн вирусийн эсрэг эм нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй. Гамшиг, онцгой нөхцөл байдлын үед яаралтай горимоор Хүний эмийн зөвлөлийн хурлаар  хэлэлцэж,  Эрүүл мэндийн сайдын тушаалаар нэг удаагийн импортын лиценз олгосон. Ингэхдээ тухайн аж ахуйн нэгжүүдэд  үнийн хиймэл хөөрөгдөл, зах зээлийн хомсдол үүсэхгүй байх тал дээр  онцгой анхааруулсан.

 

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад коронавирусийн эмчилгээнд ашиглаж буй эмүүдийг оруулах боломжтой юу?

 

-Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон эм Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад багтах боломжтой. Харин зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулахын тулд тухайн эм  нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой байдаг юм. Гэтэл эдгээр вирусийн эсрэг эмнүүд нь манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй учраас одоогийн хууль эрх зүйн хүрээнд хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад оруулах боломжгүй байна.

 

Коронавирусийн эсрэг эмчилгээнд ашиглаж буй эдгээр эмүүдийг Монгол Улсад үйлдвэрлэх боломжтой юу? Хэрэв боломжтой бол импортоор оруулж ирж байгаагаас хямд үнээр худалдаалагдах боломжтой юу?

 

-“Мөнхийн тун” эмийн үйлдвэр Арбидол эмийг үйлдвэрлэнэ. Шаардлагатай бүхий л бэлтгэлээ хангасан. Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас бодлогоор дэмжиж, эмийн түүхий эдүүдийг нь бүртгүүлэх ажлыг хурдасгана. Эмийн түүхий эдийг бүртгүүлсний дараа эмийг бүртгүүлнэ. Ингэснээр эмийн үнэ буурах боломжтой гэж тооцоолж байгаа.

 

Коронавирусийн  түргэвчилсэн тестүүд  эмийн сангуудаар худалдаалагдаж байна. Тухайн тестүүдийг баталгаатай, албан ёсны зөвшөөрлөөр оруулж ирж буйг хэрхэн мэдэх вэ?

 

-Коронавирусийн түргэвчилсэн тестийг импортлох тусгай зөвшөөрөл авсан аж  ахуй нэгжүүд оруулж ирж байгаа. Эмийн сангуудаар худалдаалагдаж буй олон төрлийн тестүүдийн чанарыг хянах судалгааг хийж байгаа.

 

Г.Мичид  

Shuud.mn
Сонин хачин
шуналтай авгай
2021-06-17