Ивээн тэтгэгчдээ бойкотлосон Евро-2020
2021-06-17

Цар тахлын улмаас хошлогдон, энэ жил зохион байгуулагдаж буй Евро-2020 тэмцээн үргэлжилж байна. Энэ үеэр ялалт ялагдлын зэрэгцээ ивээн тэтгэгчдээ бойкотлосон гэмээр үйлдлүүд гарсаар байгаа юм. 

 

Тодруулбал, зургадугаар сарын 15-ны өдөр Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Рональду хэвлэлийн төв дээр сэтгүүлчидтэй ярилцахаар суух үедээ хийжүүлсэн ундааг өөрөөсөө холдуулсан нь анхаарал татсан. Тэрбээр ширээн дээр сурталчилгааны зорилгоор тавьсан хоёр лонх кола ундааг  өөрөөсөө холдуулаад, савтай ус барин, түүнийгээ өргөн сэтгүүлчид болон камерын өмнө савтай усаа харуулсан  юм.

Үүний дараа тэмцээний ивээн тэтгэгчийг үл тоомсорлосон явдал дахин гарсан. Энэ удаад Францын хөлбөмбөгчин Поль Погба хэвлэл мэдээллийн төв дэх ширээн дээрээс Heineken шар айргийг холдуулж байв. Францын шигшээ Германы багтай тоглоод ялалт байгуулсны дараах хэвлэлийн хурал эхлэхээс өмнө хагас хамгаалагч Погба ширээний ард суун, кока-кола ундааны адилаар тэмцээний ивээн тэтгэгчээр ажиллаж буй Heineken брэндийн шар айргийг өөрөөсөө холдуулж, кока-кола ундаануудыг ширээн дээр үлдээсэн юм. 

 

Ивээн тэтгэгчийг, тэр дундаа Кока-Колаг бойкотлосон явдал Евро-2020 дээр дахин гарлаа. Роналдугийн араас Италийн од Мануэль Локателли мөн л хэвлэлийн бага хурлын үеэр кока-кола ундааг ширээн дээрээс зайлуулжээ. Тэрбээр ширээн дээр байсан хоёр лонх хийжүүлсэн ундааг өөрөөсөө холдуулан, өмнөө савтай ус тавьсан байна. Ингэснээр Евро-2020 тэмцээний ивээн тэтгэгчдийг бойкотлосон гурав дахь хүн нь болжээ. 

 

Кока-Кола гологдсон ч гомдоогүй 

Тамирчид ийнхүү ивээн тэтгэгчдээ бойкотлох болсон шалтгаан нь тодорхойгүй. Дараалсан энэ үйлдлүүдийн араас Кока Колаг зориуд дэмжсэн гэж харагдах үйлдэл ч гарав. 

 

Рональду кока-колаг үл тоомсорлосны маргааш нь Оросын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Станислав Черчесов ширээн дээр тавьсан хоёр лонх Кока-колаг аван, нэгийг нь нөгөөгөөр нь хөшиж задлан уужээ. 

 

Энд сануулахад, Рональдугийн дээрх үйлдлийн дараа Кока-Кола компанийн хувьцаа унаж, энэ компани дөрвөн тэрбум долларын алдагдал хүлээсэн юм. Үүний дараа Кока-Кола компани мэдэгдэл гаргажээ. Гэхдээ тэд хөлбөмбөгчнийг буруутгасангүй.

 

"Хүн бүр өөрийн гэсэн дуртай ундаатай, өөр өөр амтанд дуртай, өөр өөр хэрэгцээтэй байдаг" хэмээн Кока-Кола компанийн хэвлэлийн алба онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин