Хонконгт 18 жилийн туршид анх удаа ардчилсан марш цуцлагдав
2021-06-21

2003 оноос хойш Хонконгт жил бүр зохион байгуулагддаг, ардчиллын төлөөх марш энэ жил болохгүй гэж Хүний эрхийн төлөөх иргэний фронтын төлөөлөгч, маршийг зохион байгуулагч Чун Чун-фай мэдэгдсэнийг Коммерсант дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, долдугаар сарын нэгний өдөр болдог энэ маршийг эрх баригчидтай зөвшилцөж чадаагүй, цагдаагийнхан фронтыг "бүртгэлгүй байгууллага" гэж үзсэн тул зохион байгуулах боломжгүй болсон байна. Тиймээс өөрсдийн шаардлагыг долдугаар сарын нэгний өдөр хуулиар зөвшөөрөгдсөн бусад хэлбэрээр илэрхийлэхийг Хүний эрхийн төлөөх иргэний фронтын төлөөлөгч иргэдэд хандан уриалжээ.

 

Хонконгт болсон анхны марш 2003 онд 500 мянган оролцогчийг нэгтгэж байлаа. Тэд тухайн үеийн Хонконгийн захиргааны тэргүүн Дун Жяньхуаг үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслөөс нь болж огцрохыг шаардаж байсан юм.

 

2020 онд Хонконгийн аюулгүй байдлын тухай хууль батлагдсан бөгөөд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш сөрөг хүчнийхнийг салан тусгаарлах үзэл, гадаадын хүчнийхэнтэй хамтарсан хэргээр  сэжиглэж, буруутган баривчилсаар байгаа юм. Ардчиллын төлөөх маршийн өмнөх зохион байгуулагч Фиго Чан 2020 оны 10 дугаар сард жагсаал зохион байгуулсан хэргээр хоригдож байгаа юм. Харин энэ оны зургадугаар сард сөрөг хүчний  Apple Daily сонин болон энэ сониныг эрхлэн гаргадаг Next Digital компанийн удирдлагууд баривчлагдсан. Түүнчлэн энэ компаниудыг эзэмшигч, медиамагнат Жимми Лай баривчлагдсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ds:
Ardchilal gej yug heldeg ve?? Tuund hunii erh gej baidag ym uu? Ylanguiya jiriin irged yaj erhee edleh ve???
2021-06-22