COVID-19: Буриадад хязгаарлалтуудыг чангатгав
2021-06-21

Буриадад коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор нэмэлт хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон талаар тус улсын тэргүүний хэвлэлийн алба мэдээллээ. 

 

Ингэснээр, зургадугаар сарын 21-ний өдрөөс эхлэн нийтийн хоолны үйлчилгээний газрууд 21:00 цаг хүртэл ажиллах юм байна. Үйлчлүүлэгчдийн тоонд тавих хязгаарлалт урьдын адил үйлчилж, нэг ширээний ард хүүхдүүдийг тооцохгүйгээр дөрвөөс дээш хүн суулгаж болохгүй гэнэ.

 

"Вакцин тариулснаас бусад ажилтнуудын 30-аас доошгүй хувийг гэрээр ажиллах горимд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Хязгаарлалт, шаардлагуудын хэрэгжилтэд явуулын баг хяналт тавина. Түүнчлэн явуулын багынхан үдэшлэг болон бусад төрлийн олон нийтийн арга хэмжээг хориглосон журмын мөрдөлтийг хянана" гэж хэвлэлийн алба онцолжээ.

 

Хязгаарлалтуудыг чангатгаснаар, худалдааны төвүүд 20:00 хүртэл ажиллаж, эдгээр төвүүдэд ажиллах хоолны газрууд гагцхүү авч явах захиалгаар л ажиллах юм байна. Ирэх сарын нэгэн хүртэл хүүхдийн тоглоомын төвүүд, тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүд дэх тоглоомын хэсгүүд, кинотеатр болон театрууд хаагдах юм байна.

 

Буриадад халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа юм. Одоо тус улсын эмнэлэгт коронавирусийн халдвараар өвчилсөн 2763 хүн эмчлүүлж байгаа юм байна. Буриадын орны нөөцний 94,2 хувь нь дууссан, өнгөрсөн долоо хоногт нэмж 661 ор дэлгэжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин