Европ, АНУ Лукашенкогийн дэглэмийн эсрэг шинэ хориг тавилаа
2021-06-22

Европын холбоо, АНУ, Канад, Британи улс Беларусийн эсрэг нэгэн зэрэг нэмэлт хоригууд тавилаа. Энэ нь өнгөрсөн сард Беларусь улс Ирландын онгоцыг албадан газардуулж, энэ нислэгээр зорчиж явсан сөрөг хүчний сэтгүүлч Роман Протасевичийг баривчилсаны хариу юм. 

 

Даваа гарагт Европын холбооны Гадаад хэргийн сайд нар Беларусийн сөрөг хүчний тэргүүн Светлана Тихановскаятай өглөөний цай уун, уулзалдсан байна. Энэ уулзалтын дараа Германы Гадаад хэргийн сайд Хейко Маас өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээг ЕХ авч хэрэгжүүлэхээр болсныг баталсан юм.

 

Түүний өгүүлснээр, энэ удаад Беларусийн дэглэмийн орлогод онцгой чухалд тооцогдох эдийн засгийн салбаруудад хориг тавихаар ЕХ шийдсэн байна.

 

"Бид ухрахгүй гэдгээ маш тод томруунаар Лукашенкод ойлгуулах хүсэлтэй" хэмээн Хейко Маас мэдэгдээд шинээр хориг тавих асуудал дээр ЕХ-ны 27 гишүүн орон бүгд санал нэгтэй байгааг онцолжээ. Европын холбооны шинэ хоригууд калийн бордоо, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнүүд, тамхины үйлдвэрлэл, санхүүгийн салбар зэрэг Беларусийн эдийн засгийн гол салбаруудыг чиглэх аж.

 

Эргэн сануулахад, тавдугаар сарын сүүлээр Ирландын Ryanair агаарын тээврийн компанийн онгоц Беларусийн агаарын орон зайд нисэж явах үед Беларусийн диспетчерийн албанаас "онгоцонд бөмбөг суурилуулсан гэсэн мэдээлэл ирсэн тул нэн даруй газардах шаардлагатай" гэсэн мэдээллийг онгоцны багийнханд өгч, албадан газардуулсан юм. Онгоц газардсаны дараа "бөмбөг суурилуулсан" гэх мэдээлэл батлагдаагүй бөгөөд харин зорчигчдыг шалгах үеэр энэ онгоцоор зорчиж явсан Беларусийн сөрөг хүчний төлөөлөл, сэтгүүлч Романыг баривчилсан нь олон улсын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байв. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин