Хүчирхийлэгч хойд эцгээ хөнөөсөн эмэгтэйг олон нийт хамгаалж байна
2021-06-22

Хорь гаруй жил зодож, хүчирхийлж байсан хойд эцгээ буудан хөнөөсөн Валери Бако гэх эмэгтэйг цагаатгахыг шаардсан цахим үхсэлтэд Францын 500 мянга гаруй иргэн гарын үсэг зурсан талаар ВВС мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ээжийнх нь шинэ хамтран амьдрагч, архинд донтсон Дэниэль Полетт гэгч охиныг ердөө 12 настай байхад нь хүчирхийлсэн байна. Валеригийн эгч нар цагдаад хандсанаар түүний хойд эцгийг бага насны хүүхэд садар самуунд уруу татсан хэргээр шоронд хорьсон ч гурван жилийн дараа суллагдан, бусармаг үйлдлээ давтах болжээ. Улмаар Валери 17 настайдаа жирэмслэхэд ээж нь түүнийг хойд эцгийнх нь хамт гэрээсээ хөөсөн гэнэ. 

 

Валери хойд эцэгтэйгээ хөлсний байранд амьдарч, дөрвөн хүүхэд төрүүлжээ. Бүсгүй амьдарч байсан тосгоныхоо захиргаанд цэвэрлэгчээр ажилд орсон ч хуучин хойд эцэг, хамтран амьдрагч Дэниэль Полетт ирж "биеэ үнэлэгчээс дор" гэж хэлснээс болж ажлаасаа халагдсан байна.

 

Удалгүй Валеригийн биеийг үнэлүүлэх болж, Дэниэль зам дээрээс үйлчлүүлэгчид авчирдаг болжээ. Бүсгүй биеэ үнэлж, харин Дэниэль чихэвчээр түүнд юу хийхийг нь зааж тушаан, болж буй үйл явдлыг бүгдийг дүрс бичлэгт буулган, дараа нь интернэтэд тавьдаг байсан гэнэ. Бүсгүйг багахан алдаа гаргахад л зэрлэгээр зоддог байсан аж. Улмаар 2016 онд Полеттийг толгойн тус газар нь буудаж хөнөөжээ. 

 

Цогцосыг нуухад хөвгүүд болон охиных нь найз хөвгүүн тусалсан байна. Харин жил гаруй хугацааны дараа хэрэг илэрч, Валери хэргээ хүлээн, гадагш зорчихгүй байх нөхцөлтэйгээр батлан даалтад гарчээ. Валери цагдаад өгсөн мэдүүлэгтээ өөрийнх нь зовлонт амьдрал, хэрцгийлэл доромжлолоос биш харин тэдний дундаас гарсан 15 настай охин руу нь "өөр нүдээр харах болсноос" үүдэн хамтран амьдрагчаа хөнөөсөн гэнэ.

 

Ирэх долоо хоногт түүний хэргийг шүүхээр шийдэн ял оноохоор төлөвлөж байгаа аж.

"Тэр хүн хөнөөсөн, гэхдээ алуурчин биш. 25 жилийн туршид хүчирхийлэлд өртөж, хүчирхийллийн дараагийн золиос нь охин нь болно гэсэн айдсаас үүдэн ийм хэрэг хийсэн" хэмээн өмгөөлөгч Жанин Бонагунта мэдэгджээ.

 

Энэ хэргийн талаар сонссон олон нийт цахим өргөх бичиг гаргасан бөгөөд Валериг цагаатгахыг шаардсан энэ хүсэлтэд 500 мянга гаруй иргэн гарын үсэг зурсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хүүхэдтэй хүмүүс яах гэж гэрлэдэг бол. хүүхдийг нь хүчиндэх гэж л хүүхэдтэй хүүхэнтэй суунашдээ
2021-06-24