Кубын вакцин өндөр үр дүнтэй нь батлагдаж, Орос вакцин дельта хувилбараас хамгаална гэв
2021-06-23

Дэлхий дахин хязгаарлалт, дархлаажуулалтын тусламжтайгаар цар тахалтай тэмцсээр байна. Зургадугаар сарын 23-ны байдлаар дэлхий даяар 179 сая гаруй хүн халдвар авсанаас 3.9 сая  хүн нас барж, 164 сая гаруй хүн эдгэрчээ. 

 

Москва цар тахалтай тэмцэхэд нэмэлт хөрөнгө гаргаж, хязгаарлалтуудыг дахин чангатгав

 

Халдварын тархалтын нөхцөл байдал эрс муудсантай холбоотойгоор Москвагийн засгийн газар коронавирусийн дэгдэлттэй тэмцэхэд нэмэлт 11 тэрбум рубль гаргахаар болжээ. Регнум агентлагийн мэдээлснээр холбогдох тогтоолд хотын дарга Сергей Собянин гарын үсэг зурсан байна. 

 

Нэмэлт хөрөнгийг эмнэлгийн байгууллагуудын урамшуулалт цалин, амралт, нөхөн төлбөр, түүнчлэн эмнэлгийн шууд утасны ажилтнуудын цалин, коронавирусийг оношлох амбулаторын шинжилгээ, коронавирусийн халдвартайгаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст зориулсан эм бэлдмэл худалдан авахад зарцуулах аж.

 

ОХУ тэр дундаа нийслэл Москва хотод энэ сард халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа юм. Тиймээс шат дараатайгаар хязгаарлалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд зургадугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нийтийн хоолны газруудаар зөвхөн дархлаажуулалтад хамрагдсан, эсвэл сүүлийн зургаан сард коронавирусийн халдвар аваад эдгэрсэн, эсвэл сүүлийн гурван өдөрт хийлгэсэн PCR шинжилгээний сөрөг хариутай хүмүүст л үйлчлэх аж. 

 

Түүнчлэн, зургадугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нэг дор 500-аас дээш хүн цуглах арга хэмжээг гадаа болон дотор зохион байгуулахыг түр хоригложээ. Бүжгийн талбай, фэн бүсүүд оролцогчдын тооноос үл хамааран хаагдаж байна. 

 

Турк вакцины гурав дахь шатны туршилт эхэллээ 

 

Турк улсад  коронавирусийн халдвараас сэргийлэх, дотооддоо боловсруулсан Турковак вакцины гурав дахь шатны туршилт эхэлжээ.

 

"Улс орноо энэхүү тахлаас аврахын тулд өөрсдийн гэсэн вакцинтай болох нь нэн чухал. Бид гурав дахь шатны туршилтыг эхлүүлснээр төгсгөлийн шатандаа орлоо. Турковак гэж нэрлэсэн нь тун оновчтой гэж би бодож байна" хэмээн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулсан байна.

 

Кубын вакцин 92,28 хувийн үр дүнтэй

 

Кубад боловсруулсан, коронавирусийн халдвараас сэргийлэх Абдала вакцин эмнэл зүйн гурав дахь шатны судалгаагаар 92,28 хувийн үр дүнтэй гэж гарсан талаар тус улслын эрх баригчид мэдэгджээ. Энэ вакциныг кубын Генийн инженерчлэл, биотехнологийн төвд боловсруулсан юм. Абдала вакцин гурван тунгаар бүрдэх аж.

 

Оросын "Спутник V" энэтхэг штаммын эсрэг үр дүнтэй гэв 

 

Оросын "Спутник V" вакцин анх Энэтхэгт илэрсэн дельта хувилбарын эсрэг үр дүнтэй гэж энэ вакциныг боловсруулсан Гамалеян нэрэмжит төвийн лабораторийн эрхлэгч Владимир Гущин мэдэгджээ. 

 

"Вирусийг саармагжуулах идэвхжилт буурч байгаа ч алга болохгүй, хадгалагдаж байгаа гэдгийг харуулах молекулийн таөйлбар бий. Тиймээс эсрэг биетүүд өндөр байх нь вирусийн энэтхэг хувилбараас хамгаалах үр дүнтэй гэсэн үг" хэмээн Гущин тайлбарлажээ.

 

Канцлер Меркель хоёр өөр вакцины тун тариулжээ 

 

Германы канцлер Ангела Меркель коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины хоёр дахь тунг тариулжээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын дундуур АстраЗенека вакцины нэг тунг тариулсан бол хоёр дахь тунгаа тариулахдаа Модерна вакциныг сонгосон байна. 

 

Энд дуулгахад, Германд хүн амынх нь 32 хувь буюу 26,2 сая хүн бүрэн дархлаажуулалтад хамрагджээ. Харин хүн амынх нь тал хувь нь дор хаяж нэг тун тариулсан байна. тус улсад 2020 оны 12 дугаар сард дархлаажуулалтын ажил эхэлсэн бөгөөд Европын холбоонд зөвшөөрөгдсөн Пфайзер, АстраЗенека, Модерна, Жонсон энд Жонсон компаниудын вакциныг ашиглаж байна. 

 

Халдвар тархаж байгаа ч Британи хөл хориогоо сунгахгүй 

 

Энэтхэг штамм буюу дельта хувилбар тархаж байгаа ч Их Британийн эрх баригчид долдугаар сарын 19-ний өдөр цуцлагдах хөл хориогоо сунгах бодолгүй байгаа гэнэ. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

Түүний өгүүлснээр сүүлийн долоо хоногийн өвчлөл болон нас баралтын статистик "найдвар төрүүлж" байгаа бөгөөд нас баралт буурч байгаа нь дархлаажуулалтын амжилтыг илтгэж байгаа гэнэ. 

 

 

АНУ-д 150 сая хүн бүрэн дархлаажжээ

 

АНУ-д 150 сая хүн коронавирусийн бүрэн дархлаажуулалтад хамрагдсан гэж тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. Харин дор хаяж нэг тунг 177,3 сая хүн тариулсан байна. АНУ-д дархлаажуулалтад Модерна, Пфайзер гэсэн хоёр тунт вакцин, нэг тунгаар тарих Жонсон энд жонсоны вакциныг ашиглаж байгаа юм.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ха ха:
ах нар маань нэг л луу унждаг болж. путин жоохон гудамны пацаан зантай юм шигээ
2021-06-23
ОРОСД КРЫМЫГ БУЛААСНЫ БАЯР, ЯЛАЛТЫН ПАРАД ГЭЭД Л ӨВЧНИЙГ НЭГ ТАРААХ ШИГ БОЛСОН ДОО
2021-06-23