Хүүхдийг коронавирусээс хамгаалж буй дэлхийн тактик
2021-06-24

Дэлхийн бараг бүхий л улс оронд коронавирусийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын ажил явагдаж байна. Улс орнууд нэн тэргүүнд эмнэлгийн ажилтнууд, ахмад настан болон хууч өвчинтэй хүмүүсийг дархлаажуулалтад хамруулж байгаа юм. 

 

Хүүхдүүд коронавирусийн халдвар авах нь бага, ихэнх тохиолдолд хөнгөн хэлбэрээр тусдаг гэх ч мэргэжилтнүүд хүүхдүүдийг вакцинд хамруулах шаардлагатай гэж үздэг. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, хүүхдэд коронавирусийн халдвар цаашдаа ямар үр дагавар үзүүлэх нь хараахан судлагдаагүй, хоёрдугаарт хүн амын дунд сүргийн дархлаа тогтооход хүүхдүүдийг дархлаажуулах нь нэн чухал аж. 

 

Хүүхдүүд коронавируст хэр өртөмтгий вэ?

 

Коронавирусийн цар тахал эхэлж байсан 2020 оны хавар хүүхдүүдийн дунд халдвар тун ховор байв. Ихэвчлэн 40-өөс дээш насныхан COVID-19 халдвар авч байлаа. Хүүхдүүд халдвар авсан ч хөнгөн, эсвэл шинж тэмдэггүйгээр тусах нь их байв. 

 

Гэтэл цар тахал эхэлсэнээс жилийн дараа, шинэ штаммууд гарах болсноор харьцангуй залуу хүмүүс, хүүхдүүд энэ халдварт ихээр өртөх болжээ. Бүхий л орнуудад залуус болон хүүхдүүд халдвар авах нь ердийн үзэгдэл болсны дээр өвчин хүндрэх хандлага ч ажиглагдах болсон байна. 

 

Хүүхдүүдэд ямар вакцин тарихыг зөвшөөрсөн бэ? 

 

Европын холбоо, АНУ, Канадад 12-15 насны хүүхдүүдэд Пфайзер вакцин ашиглахыг зөвшөөрсөн юм. Хүүхдүүдэд насанд хүрэгчдийн адилаар гурван долоо хоногийн завсарлагатайгаар хоёр тун вакцин хийхийг зөвлөжээ. Олон улсад хийсэн судалгаагаар, 12-15 насныханд Пфайзер вакцин 100 хувийн үр дүнтэй байгаа гэнэ. 

 

Вакцин тариулсны дараа хүүхдүүдэд үүсэх гаж нөлөө томчуудынхаас ялгаагүй, тариулсан хэсэгт өвдөх, ядрах, толгой өвдөх, булчин болон үе мөч өвдөх, нозоорох, халуурах гэсэн шинж тэмдгүүд илрэх юм байна.

 

Пфайзер компани зургаан сартайгаас 11 хүртэлх насны хүүхдүүдэд вакцин нь хэрхэн үйлчлэх судалгааг эхлүүлэхээр болсон бөгөөд судалгааны үр дүн ирэх намар гарах аж.

 

Өсвөр насныханд үр дүнтэй гэж батлагдсан өөр нэг вакцин нь Модерна. Энэ вакциныг 12-17 насныханд эхний тунг хийхэд 93 хувийн үр дүн, хоёр долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийхэд 100 хувийн үр дүнтэй гэдэг нь тогтоогджээ.

 

Хүүхдүүдийг дархлаажуулж буй улс орнууд 

 

АНУ, Канад улс 12-15 насныхныг тавдугаар сараас эхлэн дархлаажуулж эхэлсэн юм. Тавдугаар сарын дунд үе гэхэд АНУ-д 18 хүртэлх насны 2,4 сая хүн эхний тунд хамрагджээ.

 

Түүнчлэн Унгар улс тавдугаар сард 16-18 насныхныг вакцинд хамруулж эхэлсэн бол энэ сарын нэгнээс эхлэн Румын, Итали, Дубай 12-15 насныхныг, Сингапур 12-18 насныхныг дархлаажуулж эхэлсэн юм.

 

Герман 12-16, Польш 12-15, Франц 16-18 насныхныг вакцинд хамруулж байгаа бол хичээлийн жил эхлэхэд 12-15 насныхныг дархлаажуулахаар болжээ. Түүнчлэн Литва, Австри, Швейцар, Израиль гэсэн улс орууд ч 12-15 насныхныг коронавирусийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтад хамруулж байна. 

 

Дэлхий даяар нийтдээ 20 орчим орон 12-оос дээш насныхныг вакцинд хамруулж эхэлсэн бол Эстони, Япон, Филиппин, Хятад зэрэг олон орон хүүхдүүдэд коронавирусийн вакцин ашиглахыг зөвшөөрч, дархлаажуулалтын ажлыг зохион байгуулахаар зэхэж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин