Саятан эрийг мод тайрахыг хоригложээ
2021-06-24

Их Британийн Суонси хотын эрх баригчид жүчээ хүрэх 98 метр зам тавихын тулд 12 мод огтлохоор зэхэж байсан нутгийн саятан Крис Килиг мод тайрахыг хоригложээ. Саятан эр жүчээ рүүгээ очихын тулд машинаар 1,5 км зам тойрч очдог бөгөөд замаа товчлохоор мод тайрч, зам гаргах гэсэн ч эрх баригчид зөвшөөрөөгүй байна. 

 

Дейли мэйл сонины мэдээлснээр, Килигийн төлөвлөгөөг эсэргүүцсэн 154 өргөх бичиг ирсэн бөгөөд иргэд төдийгүй байгууллагууд ч нутгийн захиргаанд ханджээ. Тэд мод тайрснаар нутгийн байгаль орчинд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн байна. Саятан эр модыг шилжүүлэн суулгана гэсэн ч эрх баригчид зөвшөөрөөгүй байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, саятан Крис Кили нэг бус удаа байгаль орчинтой холбоотой дуулианд өртөж байсан гэнэ. Өмнө нь түүнийг хамгаалалттай бүс нутагт мод тайрч, найзуудтайгаа дугуйгаар зугнаацсан гэж хөршүүд нь гомдол мэдүүлж байжээ. Түүнчлэн хувийн онгоцондоо зориулж хөөрөх-газардах зурвас байгуулахын тулд байшингийнхаа ойролцоох мод бутыг мөн л тайрч байжээ.

 

Үүгээр ч зогсохгүй өөр дуулианд ч Кили холбогдож байсан гэнэ. Тухайлбал 2015 онд тэрбээр Лондонгийн Хитроу нисэх буудлын хяналттай агаарын орон зайд 1,2 км зайд нисдэг тэргээрээ ойртсон тул тухайн үед товлогдсон нислэгүүдийг түр зогсоож байжээ. Тэрбээр өдрийн хоолондоо хоцорч байсан тул ийнхүү яарч ниссэн гэж тайлбарласан бөгөөд түүнд торгуулийн арга хэмжээ авсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин