Эмч зөвлөж байна: Харшил ба коронавирусийн ялгаа
2021-06-24

 

Харшлын улирал эхэлжээ. Манай орны байгаль цаг уурын нөхцөл байдлаас хамаарч ургамлын тоос тархаж, харшил үүсгэх нөхцөл илүү бүрддэг. Тэгвэл харшлын үед илэрдэг хамар битүүрэх, хоолой өвдөх зэрэг  шинж тэмдэг нь коронавирусийн халдвараар өвчилсөн үед ч илэрч байна. Өөрөөр хэлбэл, харшилтай иргэд халдварт өртсөн эсвэл харшил нь хөдөлж байгаа эсэхийг ялгахад хэцүү байгаа гэсэн үг. Иймд харшлыг коронавирурээс хэрхэн ялгах талаар АӨСҮТ-ийн арьс харшлын эмч, тэргүүлэх зэрэгтэй,  АУ-ны магистр, клиникийн профессор Г.Доржхандаас тодрууллаа.


Сүүлийн жилүүдэд харшилтай иргэдийн тоо олширч байна. Тэгвэл монголчуудад харшлын ямар төрөл нь  ихэвчлэн илэрч байна?

 

-Харшлын өвчин жилээс жилд нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтээр харшлын эрин зуун гэж ч нэрийдэж байгаа. Манай улсад модлог ургамлын харшлын үе дөрөвдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15 –ны хугацаанд тохиодог. Мөн үет ургамлын харшлын үе нь  зургадугаар сарын сүүлээс долдугаар сар хүртэл үргэлжилдэг. Харин долдугаар сарын 15-наас зэрлэг өвс ургамал буюу шарилжны харшил эхэлдэг. Одоогийн байдлаар амьсгалын замын харшил, тэр тусмаа ургамлын тоосонцрын шалтгаант харшлын үе явагдаж байна.

 

Амьсгалын замын харшлын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

 

-Ургамлын тоосонцрын харшлын үед хамар битүүрч, нус гоожиж, найтаах, хоолой сэрвэгнэж, хуурай ханиалгах,  нүд загатнаж, улайх, нулимс гарах зэрэг шинж тэмдгүүд голчлон илэрдэг.

 

Харшил удамшдаг уу?

 

-Эцэг эхийн харшламтгай байдал нь тухайн хүүхдэд генийн хувьд нөлөөлдөг. Жишээлбэл, эцэг эх хоёрын аль нэг нь харшилтай бол удамших магадлал 50 хувьтай байна. Харин эцэг, эх хоёул харшилтай бол удамших магадлал 75 хувьтай байдаг.  Эцэг эхийн генээс шалтгаалж удамших хандлагатай өвчин юм.

 

Коронавирус халдварын энэ үед ачаалал их байна уу?

 

-Харшлын улирал эхэлсэн учир амбулоторийн үзлэг, лабораторийн ачаалал их байна. Манай Арьсны өвчин судлалын үндэсний төвийн нэг тасагт коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийг эмчилж байгаа. Халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтал байна. Үүний зэрэгцээ амбулаторийн үзлэг, шинжилгээ  эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж байгаа. Гэхдээ  арьсны өвчтөнөө эмчлэх орны тоо хязгаарлагдмал байна.

 

Харшлын улирлын энэ үед харшил, коронавирус хоёрын шинж тэмдэг ижил төстэй байна. Тэгвэл харшлыг коронавирусээс хэрхэн ялгах вэ? 

 

-Харшилтай хүмүүс, харшил нь хэзээ эхэлдэг, ямар шинж тэмдэг илэрдэг гэдгийг тодорхой мэддэг. Харин өмнө нь харшилгүй байсан хүмүүс коронавирусийн шинж тэмдэг үү эсвэл харшилтай болсон уу гэдгийг ялгахад хэцүү. Тодруулбал, коронавирусийн үед толгой өвдөх, хамар битүүрэх, нусхайрах, халуурах, хоолой сэрвэгнэх, өвдөх, амтлах үнэрлэх мэдрэмжээ алдах  зэрэг шинж тэмдэг өвчний эрт үед илэрдэг. Харин харшлын үед халуурахгүй.  Ингэхдээ хоолой сэрвэгнэх, загатнах, хамар битүүрч нүд загатнах шинж тэмдэг нь зэрэг илэрнэ. Өөрөөр хэлбэл, харшлын үед нүд улайхгүйгээр дан ганц хамар битүүрэхгүй. Ихэвчлэн хамар болон нүдсний салстын шинж тэмдэг нь хамт илэрдэг. Харшил халдварлахгүй, коронавирус халдварладаг. Агаарын тоосонцорт байгаа ургамлын тоосонцор /аллерген/ нь нүд болон хамрын салст дээр буугаад харшлын шинж тэмдэг илэрдэг.

 

Тиймээс иргэд та бүхэнд цар тахлын  энэ үед дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд коронавирус халдварын шинжилгээ өгөхийг зөвлөж байна.

 

Коронавирусийн халдвараар өвчилсөн хүн харшил хэмээн андуурч танай төвд хандсан тохиолдол бий юу?

 

-Тиймээ. Халдварын тархалт их байгаа. Зарим хүмүүс коронавирусийн халдвараар өвчилсөн хэдий ч харшилтай андуурч манай Арьсны өвчин судлалын үндэсний төвд хандаж, оношлогдсон тохиолдлууд гарч байна.

 

Харшлаас сэргийлэхийн тулд?

 

-Одоо ургамлын тоосонцрын харшлын улирал учраас хамгийн энгийнээс эхлэн  урьдчилсан сэргийлэхийн тулд саравчтай малгай өмсөж, амны хаалт, нүдний шилийг тогтмол зүүх, салхитай үед гадуур бага явах, ургамлын тоосонцор агаарт дэгдэж буух үед цонх, хаалгаа өглөө, оройдоо нээхгүй байх, ажил амралтаа зохицуулах, ядрахгүй байх хэрэгтэй. Мөн дөрөвдүгээр  сараас өмнө мэргэжлийн байгууллагуудад хандаж, сорил тавиулж, оношлуулж урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдах  хэрэгтэй.

 

М.Насан 

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин