Токио-2020: Бесланы алан хядлагыг даван гарсан Олимпын алдартнууд
2021-08-10

Наймдугаар сарын наймны өдөр хаалтаа хийсэн Олимпын үеэр зөвхөн тэмцээн уралдаан төдийгүй дэлхий нийтийн сэтгэлийг уяраасан тамирчдын түүх олонд түгэж байлаа. Тэдгээрийн талаар бид өмнө нь цувралаар мэдээлж байв.

Олимпын аварга, Оскарын шагналт ижил хүйстэн хос 

ТОКИО-2020: Олимпын анхны трансжендер оролцогч Лорел Хаббард

Токио-2020: Дэлхий нийтийн өмнө дасгалжуулагчаасаа гэрлэх санал авсан бүсгүй

Дэлхий дахины сэтгэлийг хөдөлгөсөн түүхтэй олон тамирчны нэг нь Токио-2020 олимпын хүрэл медальт, Оросын чөлөөт бөхийн тамирчин Артур Найфонов. Тэртээх нэгэн жил түүний амь насанд заналхийлсэн үйл явдал гарч, тэрбээр өдийд олныг баярлуулсан тамирчин болж чадахгүй ч байсан байж мэдэх эмгэнэлт явдал гарч байв. Энэ бол 2004 оны Бесланы алан хядах ажиллагаа. ОХУ-ын Осетийн Белсан хотын №1 сургуульд алан хядагчид эцэг эхчүүд, сурагчдыг барьцаалсны дунд Артур ээж, эгчийнхээ хамт байжээ. Энэ алан хядах ажиллагааны улмаас 334 хүн амиа алдсанаас 186 нь хүүхдүүд байв. Амиа алдагсдын дунд Артурын ээж ч байжээ. 

 

"Артурын ээж амь үрэгдсэн. Гэхдээ чухамхүү ээжийнхээ ачаар Артур болон түүний эгч сургуулиас амьд мэнд гарсан юм. Эндээс харахад тэр амьд явах, ихийг бүтээх хувьтай хүн" хэмээн Найфоновын дасгалжуулагч "Комсомольская правда" сонинд ярьсан байна.

Бесланы алан хядлагын улмаас амиа алдаж ч мэдэх байсан өөр нэгэн тамирчин нь Заурбек Сидаков. Тэрбээр Токиогийн олимпоос алтан медаль хүртсэн юм. Бесланд эмгэнэлт явдал болоход Заурбек Сидаков найман настай байжээ. Тэр үеийн аймшигт явдлыг Заурбек өнөө хэр нь санадаг. 

 

"Энэ эмгэнэлт явдал олон гэр бүлд хагацал авчирсан. Надтай хамт бөхөөр хичээллдэг байсан миний олон найз энэ сургуульд барьцаанд байж, энэ бүх аймшгийг давсан" хэмээн Сидаков өгүүлжээ. 

 

Эмгэнэлт явдал болсны дараа аав ээж нь Заурбекийг Беслан руу бэлтгэлдээ явахыг хориглодог байв. Тэднийх хотоос 10 км зайд орших тосгонд амьдардаг байжээ. Аав ээж нь хориглосон ч Заурбек бөхөө хаялгүй, үргэлжлүүлэн хичээллэсээр байсан гэнэ. 

 

"Энэ аймшигт алан хядлагын улмаас амиа алдсан, гэмтсэн бүхий л хохирогчдын төлөө би тэмцсэн. Би тэнд өссөн, тэндээс л бэлтгэлээ эхэлсэн. Беслан бол миний нутаг, би үргэлж санан дурсаж явна. Гашуудлын ёслол болоход би "Энэ хүмүүсийн төлөө барилдана. Дэлхийн аварга болоод ялалтаа тэдэнд зориулна" гэж өөртөө амлаж байлаа. Энэ бол өөрийгөө хурцалсан миний тэмүүлэл байлаа"  хэмээн Заурбек сэтгүүлчдэд ярьжээ. 

 

Энд дуулгахад, Хойд Осетийн Беслан хотод 2004 онд аймшигт алан хядлага болсон юм. Есдүгээр сарын нэгний хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр зэвсэгт алан хядагчид дайрч, сургуульд тэсрэх бөмбөг байрлуулан, хоёр өдрийн туршид 1100 хүнийг барьцаалсан юм.Гурав дахь өдөр нь сургуулийн зааланд дэлбэрэлт болж, гал гарснаар сургуулийн барилгын нэг хэсэг нуржээ. Эхний дэлбэрэлтийн дараа л барьцаанд байсан хүмүүс сургуулиас зугтаж эхэлсэн бөгөөд энэ үеэр тусгайгийнхан дайрсан байна. Ажиллагааны үеэр зэвсэгтэй ирсэн энгийн иргэд ч алан хядагчид руу буудаж, улмаар 27 алан хядагчийг устгасан бол амьд үлдсэн цорын ганц алан хядагч болох Нурпас Кулаевыг баривчлан, бүх насаар нь хорих ял оноосон юм. Энэ халдлагын улмаас аврагчдыг оролцуулаад нийт 333 хүн амиа алдсанаас 186 нь хүүхэд байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин