Сингапурын ямх охин эмнэлгээс гарчээ
2021-08-10

Дэлхийн хамгийн бяцхан охин гэж нэрлэгдсэн Куэк Ю Суань эрчимт эмчилгээгээ дуусган, гэртээ гарсан талаар ВВС мэдээлжээ. Сингапурт мэндэлсэн энэ охин 24 см, ердөө 212 грамм жинтэй төржээ. 

 

Түүний ээж Вон Мэй Лин охиныг 25 долоо хоногтойд нь төрүүлсэн бөгөөд "ямх охин" 13 сар эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн байна. Жилийн өмнө Сингапурын Үндэсний их сургуулийн эмнэлэг охиныг сэхэх, нас барах магадлал 50/50 хувьтай гэж үзэж байсан бол одоо түүнийг "ковидын эрний гайхамшигт хүүхэд" хэмээн нэрлэж байгаа гэнэ.

 

Охины ээжийн дотор эрхтнүүдийн асуудлаас болж даралт нь ихсэн, улмаар төрөх хугацаанаас дөрвөн сарын өмнө охиныг кесар хагалгаагаар төрүүлэхээс аргагүй болжээ. Жирэмсний үед үүсэх энэхүү даралт ихсэх хүндрэл нь эх, хүүхдийн аль алинд нь аюултай тул ийнхүү хугацаанаас нь өмнө хагалгаа хийх шаардлагатай болсон байна. 

Ийнхүү төрүүлсний дараа охиныг жил гаруйн хугацаанд эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилсэн бөгөөд одоо түүний амь насанд ямар ч аюул учрахгүй, тэрбээр 6,3 кг жинтэй, эрүүл саруул болсон гэнэ. Эмнэлэгт охиноо эмчлүүлэхийн тулд эмнэлгийн үйлчилгээний төлбөр болох 366 мянган сингапур долларыг эцэг эх нь олон нийтийн хандиваас босгожээ. 

 

Ю Суань охиноос өмнө, 2018 онд хугацаанаасаа өмнө төрсөн бяцхан охиныг Америкийн эмч нар аварч байлаа. Америкийн Айова мужид төрсөн охин  245 грамм жинтэй байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин