Сүм хийдээс бурхан хулгайлдаг удаа дараагийн давтан үйлдэлтэй бүлгийг барьжээ
2021-08-10

Өвөрхангай аймгийн Хархорин сумын хийдэд энэ сарын 09-ний өдөр хулгай орж, 3 ширхэг Майдар бурхан, 2 ширхэг Богд зонхов бурхан, 1 ширхэг Өндөр гэгээн Занабазар бурхан, нийт 6 ширхэг бурхад алдагджээ. Энэ дуудлагын дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран хойшлуулшгүй ажиллагаа явуулж, урьд өмнө хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан Ж, Б нар нь П, Б, Т гэх этгээдүүдийн хамт бүлэглэн үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.

 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд Архангай, Өвөрхангай, Завхан аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Багануур дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах сүм хийдүүдэд хууль бусаар нэвтрэн 6 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг нь тогтоон, гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

 

Дээрх этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтайгаар Хархорин сум дахь Сум дундын прокурорын газарт хүргүүлсэн байна.

 

Иймд сүм хийд, аж ахуйн нэгжүүд стандартын шаардлагад нийцсэн камержуулалт суурилуулахад анхаарч харуул хамгаалалт, хөршийн холбоогоо сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Эх сурвалж: ЦЕГ

Shuud.mn
Сонин хачин