Бүрэлдэхүүн өөрчлөгдөх ч бүтцэд нөлөөлөхгүй НӨХӨН СОНГУУЛЬ
2021-08-11

Улсын наадам, их олимп өндөрлөж, намрын эхэн сар гарлаа. Албан мэдээгээр цар тахлын халдвар буурсан тоон үзүүлэлттэй байгаа ч олон нийтийн сэтгэлзүй тайвшрах болоогүйг өдөр тутмын үйл явдал харуулдаг.

 

Ерөнхийлөгч тангарагаа өргөж, намрын чуулган завсарласнаас хойш намжмал байсан улс төр энэ долоо хоногоос  хөдөлгөөн орж байна. Учир нь энэ намар УИХ-ын сонгуулийн хоёр ч тойрогт нөхөн сонгуультай. Тодруулбал,  Хэнтий аймаг дахь УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин сонгогдсон У.Хүрэлсүх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр Төрийн тэргүүнээр сонгогдсон бол, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт МАН-аас сонгогдсон Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалыг хашиж байна. Тиймээс шинэ парламентад УИХ-ын гишүүн хоёр орон гарч, хуулийн дагуу нөхөн сонгууль явуулах тогтоол баталсан.   

 

Эдүгээ нөхөн сонгуулийн бэлтгэл ажил цаг хугацааны хуваарийн дагуу явагдаж байна. Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж, мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар дахин хүргүүлээд байна.

 

Парламентад эрх баригч МАН үнэмлэхүй олонхи, сөрөг хүчин АН цөөнхийн цөөнх гэсэн хүч тэнцвэргүй нөхцөлд  бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа. Нөхөн сонгуулиар ямар ч улс төрийн хүчин, бие даагчдаас нэр дэвшин өрсөлдөж сонгогдсон  өнөөдрийн парламентын улс төрийн нам, бие даагчдын тоонд өөрчлөлт орж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахаас чанарт ахиц гарахгүй гэж ажиглагчид үзэж байгаа. Тиймээс энэ удаагийн нөхөн сонгуульд МАН ба бусад гэсэн өрсөлдөөн явагдана.  Харин улс төрийн нам, эвсэл гэхээсээ горилогчдын тухайд нэр дэвшин сонгогдох нь хувь улстөрчийн намтрын хуудсаа зузаатгах, карьераа эрс өндөрсгөх алтан боломжийг нөхөн сонгууль олгож байгаа. 

 

Энэ ч үүднээс улс төрийн намуудад нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа ширүүхэн явагдах байх. Цар тахлын халдварын үеиэр халхавчлан улс төрийн хүчнүүд нам эвсэж, сэм хуйвалдан нэр дэвшигчээ тодруулах нь тодорхой.

 

Эрх баригч хүчин МАН-аас гэхэд энэ удаагийн нөхөн сонгуульд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар нэр дэвших нь эртнээс тодорхой болсон. Үүний баталгаа нь Ерөнхийлөгчийн  сонгуулийн үеэр МАХН татан буугдаж, МАН-даа эргэн нэгдсэн үйл явц. Харин Э.Батшугар өмнө нь нэр дэвшин өвдөг шороодсон Сонгинохайрханд дахин өрсөлдөх үү, эмээгийнхээ нутаг Хэнтийд хүч үзэх үү гэдэг сонголттой. Гэхдээ энэ сонголтыг Э.Батшугар бус, МАН ч бус, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр шийдэх биз, өнөөдрийн эрх баригчдын төдийгүй улс төрийн нөхцөлөөс харахад. Түүнээс гадна Хэнтийн нөхөн сонгуульд МАН-аас Засаг дарга Н.Ганбямба, Соёлын дэд сайд М.Батбаяр нарын нэрс яригдаж байгаа, зарим нь намдаа нэр дэвших хүсэлтээ өгөөд эхэлсэн.

 

Харин АН-аас Хэнтийн тойрогт УИХ-ын гишүүн асан Ц.Гарамгайбаатар, Н.Алтанхуягийн зөвлөх асан М.Хүдэрбаатар нэр дуулдана лээ. Сөрөг хүчин АН дотоод асуудлаа хэрхэн шийдэж, тохироогоо хийхээс энэ бүхэн хамаарна.

 

Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас Э.Батшугар өрсөлдөх тохироо үргэлжлэн яригдаж байгаа. Учир нь энэ тойрогт 2020 оны сонгуулиар МАХН ихээхэн хүч хаясан. Үүнтэй зэрэгцээд нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар өөрийн хүнээ нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх магадлалтай гэсэн бор шувуу нисч байна. Тодруулбал, Тиймээс энэ удаагийн нөхөн сонгуульд МАН ба бусад гэсэн өрсөлдөөн явагдана гэж ажиглагчид үзэж байгаа.  Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгийн нэр яригдаж байгаа юм.

 

АН-аас энэ тойрогт нэг талаас гишүүн асан Л.Гантөмөр,  нөгөө талаас экс Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөх магадлалтай гэсэн таамаглал бий.

 

Ийнхүү ирэх өдрүүдэд улс төрийн хүчнүүд бага хурлаа хуралдуулж, нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна. Энэ хугацаанд горилогчид хийгээд бие даагчдын нэрс хөврөх нь тодорхой.

 

Ямартай ч хоёр тойрогт аравдугаар сард явагдах нөхөн сонгуулийн үр дүнгээр энэ парламентын бүрэлдэхүүн бүрэн бүрдэнэ.

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
За баттулга бол доо одоо улс тороос зайл чамайг дэмжихгуй шуу харин залуу хун батшугарыг бол дэмжинэ
2021-08-11