ЖАЙКА-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга Тамуро Эрико-г хүлээн авч уулзав
2021-08-12

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамуро Эрико-г хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЖАЙКА-Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан эрүүл мэндийн салбарт буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. ЖАЙКА-аар дамжин хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд нь цаг үеэ олсон, хэрэгцээ шаардлага өндөр, үр өгөөжтэй ажлууд байдгийг онцлон тэмдэглэлээ. 


 

 

Хатагтай Тамуро Эрико эрүүл мэндийн салбар нь ЖАЙКА-ийн хамтын ажиллагааны тэргүүлэх салбаруудын нэг болохыг онцлохын сацуу ЖАЙКА-ийн зүгээс эрүүл мэндийн салбарт 2021 оны эхний 8 сарын хугацаанд гурван том төслийг шинээр эхлүүлэн ажиллаж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглэлээ.

 

Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА хооронд “КОВИД-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөр” –ийн хэрэгжилтийг хангах тухай тохиролцох бичигт гарын үсэг зурав.
Уг хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсад нэн шаардлагатай байгаа вирусын генийн өөрчлөлтийг тодорхойлох лаборатори болон бусад тоног төхөөрөмж, хэрэгслийг Япон Улсаас ханган нийлүүлэх юм.

 

Эх сурвалж: ЭМЯ

Shuud.mn
Сонин хачин