Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
2021-08-20

 

Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барих Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шавыг Сонгинохайрхан уулын бэлд тавьж, бүтээн байгуулалтын ажил нь эхэллээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёслолд оролцох үеэрээ бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь эхлүүлэх боломжийг бүрдүүлэхэд хүчин чармайлт гаргасан АНУ-ын ард түмэн, Засгийн газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш, гүйцэтгэгч компани болох БНТУ-ын МАПА групп, Монголын мянганы сорилтын сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хувийн хэвшил, эрдэмтэн судлаач, бусад байгууллага, хамт олонд талархал илэрхийлэв.

 

Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2018 онд АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын Удирдах зөвлөлийн дарга Майкл Помпеотой Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг албан ёсоор баталж, Хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурж байснаа тэмдэглэв.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нийт хүн амын тал хувь нь оршин суудаг нийслэлийн усан хангамжийн найдвартай байдлыг бүрдүүлэх, ирээдүйн тогтвортой хөгжлийг нь хангах зорилго нь бодит ажил болж байгаад баяртай байгаагаа хэлэв.

Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийг бататгах түүхэн төсөл, хөтөлбөрүүдийн нэг нь Мянганы сорилтын Компакт гэрээ. Гэрээний хүрээнд ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлснээр нийслэлчүүд 100 жилийн найдвартай усан хангамжтай болохын зэрэгцээ усны шинэ соёл, шинэ боловсрол нэвтэрнэ гэдгийг тэмдэглэв.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески “АНУ ардчилал хөгжиж байгаа орнууд, тэр дундаа Монгол Улсын эдийн засагт өрийн дарамт үүсгэхгүй байх үүднээс буцалтгүй тусламж үзүүлэхийг эрмэлзэж ирсэн. Цаашид гэрээг үргэлжлүүлэхийн тулд өөрөөс шалтгаалах бүхнээ хийх болно” гэв.

 

“Бид Ус гүн цэвэршүүлэх болон Хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр, гэр хорооллын 180 гаруй ус түгээх байрыг автоматжуулах, аж үйлдвэрийн бохирдлыг бууруулах, хянах дэвшилтэт технологи бүхий лаборатори, усны салбарын тогтвортой байдлыг хангах зөөлөн дэд бүтэц байгуулах зэргийг ирэх таван жил орчмын хугацаанд хийх ёстой. Барилгын улирал харьцангуй богино, цар тахлын нөхцөл байдал хүндрэл учруулах хэдий ч гэрээг амжилттай хэрэгжүүлнэ” гэж Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Содонтогос хэлэв.

 

93 сая ам.долларын өртөгтэй Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр 2024 оны сүүлээр ашиглалтад орох бөгөөд нэг жил орчим хугацаанд туршилт, тохируулгын ажил хийх юм.  Биокомбинат, Шувуун фабрик орчимд 30 гүний худаг гаргаж, жилд 50 сая хүртэл шоо метр ус татан авч цэвэршүүлэн нийслэлчүүдэд хүргэнэ.

 

Улаанбаатар хотын усны хэрэглээ 2023 он гэхэд одоогийн боломжит нөөцөөсөө давж, улмаар усны хомсдолд орж болзошгүй нь судалгаагаар тогтоогдсон. Иймээс Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорац Компакт гэрээгээр олгох 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг бүхэлд нь үүнд зарцуулахаар шийдвэрлэсэн юм.

 

Энэ хүрээнд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрээс гадна Хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг шинэ Төв цэвэрлэх байгууламжтай уялдуулан барьж, 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ үйлдвэр Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн усыг дахин боловсруулж Дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх юм. Ингэснээр жилдээ дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэнэ. Цаашид саарал гэгдэх усыг аж үйлдвэрлэлийн олон салбарт ашиглах боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байна.

Эх сурвалж: President.mn

 

Shuud.mn
Сонин хачин
Худлаа хуцаад мөнгө үрээд байгаа хүүрэнсэг вэ? Чи хууль бусаар төрийн эрх авсан казиноогийн донтон сдаа шүү. Ичиж үхлээ хүүрэээээ
2021-08-20
MG:
USA is great ?
2021-08-20