Афганистан: Кабулын нисэх буудал дээр буудалцаан болж, нэг хүн амиа алджээ
2021-08-23

Наймдугаар сарын 23-ны даваа гарагт Кабулын нисэх буудлын бүс нутагт үл мэдэгдэх этгээдүүд гал нээж, харилцан буудалцаан болсны улмаас Афганистаны Аюулгүй байдлын нэг алба хаагч амиа алдаж, гурван хүн шархаджээ. Энэ талаар Германы Батлан хамгаалах яам мэдээлсэн байна. 

 

"Өнөө өглөө, Афганы Аюулгүй байдлын хүчин болон үл мэдэгдэх этгээдүүдийн хооронд Кабулын нисэх буудлын хойд хаалга орчимд буудалцаан болсон. Аюулгүй байдлын хүчний ажилтан амиа алдаж, гурван хүн шархадсан" хэмээн Германы Батлан хамгаалах яам Твиттер хуудсандаа мэдээлсэн байна. Буудалцаанд Америкийн болон Германы цэргийн алба хаагчид ч оролцсон бөгөөд тэднээс хэн ч шархдаагүй аж.

 

Энд дуулгахад, өнөө өглөө болсон энэхүү буудалцаан нь Кабулын нисэх буудлын бүс нутагт буудалцсан анхны тохиолдол биш юм. Ням гарагт Талибан хөдөлгөөн нисэх буудал дээр үүссэн эмх замбараагүй байдлын хариуцлагыг АНУ үүрэх ёстой гэж мэдэгдсэн байна. Мөн энэ өдөр буюу наймдугаар сарын 22-нд Кабулын нисэх буудлыг 48 цагийн хугацаанд хаах шийдвэр гарчээ. Энэ нь хэдийнэ нисэх буудлын талбайд цугларсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин