Хойд Солонгос цөмийн реактор ажиллуулж эхэлсэн байж болзошгүй
2021-08-30


Хойд Солонгос Йонбенд плутони үйлдвэрлэх цөмийн реакторыг дахин ажилуулж эхэлсэн байж болзошгүй гэнэ. Энэ талаар Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн илтгэлээс иш татан WSJ мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ оны долдугаар сараас эхлэн хөргөх усыг асгах зэрэг реактор ажиллаж байж болзошгүйг илтгэх хэд хэдэн шинж тэмдэг ажиглагдсан байна. Ингэснээр БНАСАУ цөмийн зэвсэг үйлдвэрлэх ажлаа дахин эхлүүлсэн байх магадлалтай гэж эх сурвалж мэдээлжээ.

 

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, 2018 оны 12 дугаар сараас 2021 оны долдугаар сар хүртэл плутони үйлдвэрлэлийг зогсоосон байсан ч ашигласан түлшнээс цацраг идэвхит бодисыг ялган авах лабораторийг Хойд Солонгос ашигласаар байсан гэнэ.

 

БНАСАУ-ын энэхүү үйлдэл нь "ихээхэн түгшүүр төрүүлж" байгаагийн дээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж байна хэмээн агентлагийн мэргэжилтнүүд цохон тэмдэглэсэн байна. Өмнө нь, 2021 оны гуравдугаар сард Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн Ерөнхий захирал Рафаэль Гросси мэдэгдэл хийхдээ Хойд Солонгосын Кангсон хотод баяжуулсан уран үйлдвэрлэж буй шинж тэмдэг ажиглагдаж байгааг онцолж байлаа. Харин бусад газарт, тэр дундаа Йонбенд ийм шинж тэмдэг ажиглагдаагүй байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин