ОУОХ-ны Ерөнхийлөгч асан Жак Рогге таалал төгсжээ
2021-08-30

Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч асан Жак Рогге 79 насандаа таалал төгссөн талаар ОУОХ мэдээлсэн байна. 

 

"Олимпын хөдөлгөөн дотны анд, спортын үнэнч шүтэн бишрэгчээ алдсандаа гүнээ эмгэнэж байна. Жак спортод хайртай, тамирчидтай харилцах дуртай нэгэн байлаа. Тэрбээр үүнийгээ ойр орчиндоо түгээдэг байсан юм. Жак туршлагатай ерөнхийлөгч байсны дээр ОУОХ-г шинэчлэх, өөрчлөхөд тусалж байв" хэмээн ОУОХ-ны өнөөгийн Ерөнхийлөгч Томас Бах мэдэгджээ.

 

Жак Роггегийн дурсгалыг хүндэтгэн ОУОХ-ны бүхий л объектууд дээрх Олимпын далбааг таван өдрийн турш бөхийлгөхөөр болсон байна. Энэхүү хүндэтгэлийн ажиллагаанд нэгдэхийг бусад орнуудын олимпын хороо болон олон улсын холбоодод хандан уриалжээ. 

 

Жак Рогге 2001-2013 оны хооронд Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Тэрбээр тамирчин байхдаа мэргэжлийн дарвуулт завины спортоор хичээллэдэг байсан бөгөөд Бельгийн 16 удаагийн аварга, 1968, 1972, 1976 оны олимпуудад тус тус оролцож байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин