Шинэ Орлеанд гэмт хэргээс сэргийлж хөл хорих цаг тогтоожээ
2021-09-01

"Ида" хар салхины улмаас гэрэл цахилгаангүй болсон Луизиана мужийн Шинэ Орлеаны эрх баригчид хотод хөл хорих цаг тогтоосон талаар АВС мэдээллээ. 

 

"Хотын оршин суугч бүрт хамааралтай, 20.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл хөл хорих цаг тогтоох захирамжид гарын үсэг зурсан" хэмээн хотын дарга ЛяТойя Кантрелл мэдэгдсэн байна. 

 

Ийнхүү хөл хорих цаг тогтоох болсон нь гэмт хэргийн гаралтаас урьдчилан сэргийлэх зорилготой гэж хотын дарга тайлбарлажээ. Энэ хотод хар салхины улмаас цахилгаан хангамж тасалдсан, шөнийн цагаар гэрэлгүй гудамжууд түнэр харанхуй болж байгаа тул ийм үед гэмт хэрэг гарах нь ихсэх магадлалтай гэж үзсэн байна. Гэрэлгүй болсны дараа шөнийн цагаар хулгай хийж байсан хэд хэдэн хүнийг цагдаагийнхан баривчилсаны дараа ийм шийдвэр гаргасан байна. 

 

Энд дуулгахад, "Ида" хар салхи  наймдугаар сарын 29-ний өдөрх Мексикийн булангийн эрэгт дэгдсэн бөгөөд энэ нь 1850 оноос хойш тохиож буй анхны хүчтэй салхи хэмээн эрх баригчид мэдэгдэж байлаа. Байгалийн гамшгийн улмаас олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Мөн Луизиана, Миссисипи мужуудад гамшгийн улмаас дөрвөн хүн амиа алджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин