Хүний нэр хүндийг гутаан доромжилсон НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид сануулга өгчээ
2021-09-02

Өнгөрсөн 07 дугаар сарын 4-ний өдөр коронавирусийн халдвараар өвдсөн иргэн “Энэрэл” эмнэлгийн гадна нас барсан харамсалтай хэрэг гарсан. Харин нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тухай үеийн нөхцөл байдлыг тайлбарлахдаа талийгаачийг олон хоног архи уусан, тохиромжтой нөхцөлд ажилладаг зэргээр хүний нэр төрийг гутаан доромжилсон шинжтэй мэдээлэл өгсөн юм. Тиймээс ХЭҮК-оос нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт ийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржид хариуцлага тооцох шаардлага хүргүүлсэн байна.

 

 

Энэ дагуу нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржид хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгөхдөө хүний нэр төр, алдар хүнд, хувийн нууцыг хүндэтгэж ажиллахыг сануулах арга хэмжээ авчээ. 

 

Хувийн нууцаа хамгаалуулах хүний эрхийг Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно. Хүн бүр тийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж тус тус заасан байна.

 

Мөн хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

 

Эх сурвалж: ХЭҮК

Shuud.mn
Сонин хачин
Ажлаасаа халагдах нехцел ууссэн энэ этгээдэд
2021-09-03