Афганистан: Шинэ засгийн гол хүмүүс тодорч эхэллээ
2021-09-03

АНУ энэ оны тавдугаар сараас Афганистанаас цэргээ  гаргаж эхэлснээс хойш талибууд 20 жилийн өмнө алдсан эрх мэдлээ эргүүлэн авахын төлөө тулалдсаар наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд нийслэл Кабулыг эзэлсэн юм. Энэ өдөр Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани ойрын хүрээллийнхнийхээ хамт эх орноосоо зугтсан бол дэд ерөнхийлөгч нутагтаа үлдэн, талибуудыг эсэргүүцэх фронтод нэгдэж, одоо энэ фронтынхон талибуудын хяналтад ороогүй цорын ганц нутаг болох Панжшер мужид "Талибан" хөдөлгөөнийхөнтэй тулалдаж байна. Харин энэ зуур "Талибан" хөдөлгөөн шинэ засгаа бүрдүүлж эхэлжээ. 

 

"Талибан" хөдөлгөөн Засгийн газраа яаравчлан бүрдүүлж байна. Кандагарт хийсэн уулзалтын дүнгээр засгийн бүрэлдэхүүнд багтах дөрвөн хүнийг эхний ээлжинд зарлажээ. 

Дээд удирдагч

Афганистаны дээд удирдагч нь "Талибан"-ы удирдагч Хайбатулла Ахунзада байх гэнэ. Тэрбээр одоо 60 настай, Кандагар мужийн хөдөөний ядуу пуштун гэр бүлээс гаралтай. 1979 онд Афганы дайн эхэлсний дараа гэр бүлийн хамт Пакистан руу дүрвэн, Кветта хотод суурьшсан бөгөөд энэ хот "Талибан" хөдөлгөөний бааз байжээ. 

Хайбатулла Ахунзада Кветта хотод шашны сургуульд сурч, 1980-аад онд Афганистанд эргэн ирж, Зөвлөлтийн цэргүүдтэй дайтаж байсан гэнэ. 1994 онд талибуудын эгнээнд оржээ. 1996 онд талибууд Кабулыг эзлэн авахад  Сайн үйлийг урамшуулах, нүглээс сэргийлэх хэлтсийн бүрэлдэхүүнд багтаж байсан ч удирдлагуудтайгаа санал зөрөлдсөний улмаас тун удалгүй Кандагар руу буцжээ. 


2001 онд АНУ-ын цэргүүд Афганистанд ирсний дараа “Талибан”-ы тухайн үеийн  удирдагч мулла Омарын зөвлөх болсон байна. “Талибан” хөдөлгөөний дайчдын дунд тэрбээр оюун санааны удирдагч гэдгээрээ алдартай. 


Хайбатулла Ахунзадагийн санаачилгаар хөдөлгөөний хээрийн командлагчдын үйлдлүүдийг шалгах эрх бүхий  үнэн шүтлэгт мусульманчуудаас бүрдсэн комиссуудыг байгуулж байжээ. 2016 оны тавдугаар сард Ахунзадаг “Талибан” хөдөлгөөний тэргүүнээр томилсон байна. 


Тэрбээр амь насанд нь халдах гэсэн хоёр ч халдлагыг даван гарчээ. Нэг удаагийн ийм халдлага 2019 онд болж, улмаар түүний ах болон аав нь амиа алдсан байна.

 

Хайбатулла Ахунзадагийн бага хүү 2017 онд Гильменд муж дахь Афганистаны армийн бааз дээр өөрийгөө дэлбэлж, амиа алджээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр, Ахунзада хүүгээ амиа золиослогч болох гэж буйг нь мэдэж байсны дээр энэ санааг нь дэмжиж байсан гэдэг. 


Гадаад хэргийн сайд

Афганистаны Гадаад хэргийн сайдаар Мулла Абдул Гани Барадар томилогджээ. Тэрбээр 53 настай, “Талибан” хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг. Афганистанд хамгийн нөлөөтэй овгуудын нэг болох дуррани овгийн пуштун гэр бүлээс гаралтай. 


Зөвлөлтийн цэргүүдтэй тулалдаж, талибуудын хөдөлгөөнд цэргийн өндөр албан тушаал хашиж байсан аж. Интерпол түүнийг эрэн сурвалжлахдаа “Талибан” –ы Батлан хамгаалахын сайд гэж нэрлэдэг байв. 


2010 онд Пакистаны тагнуулынханд баривчлагдаж, 2018 он хүртэл Пакистаны шоронд хоригдож байжээ. 2019 онд “Талибан” –ы дээд удирдагчийн орлогч, Катар дахь хөдөлгөөний улс төрийн товчооны тэргүүн болсон байна.

 
2020 оны хоёрдугаар сард “Талибан” хөдөлгөөний нэрийн өмнөөс Афганистанаас Америкийн цэргүүд гарах тухай Дохины хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Барууны тусгай албад Барадарыг “зөвшилцөлд хүрэх дуртай” хүн хэмээн тодорхойлдог. 


Дотоод хэргийн сайд болон Батлан хамгаалахын сайд нар

Афганистаны Дотоод хэргийн яамыг Халил Ахмед Хаккани тэргүүлэхээр болжээ. 2011 онд АНУ түүнийг олж өгсөн хүнд таван сая доллар амлаж байлаа. 


Тэрбээр “Талибан” хөдөлгөөнд зориулсан тусламжийн хөрөнгийг олон улсаас босгох ажлыг хариуцаж байсан. Наймдугаар сард талибууд Кабул руу орсны дараа Хаккани Афганы нийслэлийн аюулгүй байдлыг хариуцах болсон юм. Хаккани Зөвлөлтийн цэргүүдтэй дайтаж байсан. 


Тэрбээр согтууруулах ундаа эсвэл гахайн мах хориод зогсохгүй уран зураг, гэрэл зураг зэрэг уран бүтээлийн олон төрлийг хориглох шариатын хатуу дүрмийг баримтлагч. Түүнчлэн Хаккани кинотеатрт очих, тагтаа үржүүлэх зэрэг зугаацлыг ч огт таашаадаггүй гэх мэдээлэл бий. 


Гэхдээ тэрбээр Кабулд талибууд нэвтэрсний дараа “Бид аюулгүй байдлыг хангаж, дараа нь эдийн засаг, худалдаа, эрэгтэй, эмэгтэйчүүдийн боловсролын асуудлыг сэргээнэ. Ямар ч ялгаварлан гадуурхалт байхгүй” хэмээн мэдэгдэж байв. 

 

“Талибан” хөдөлгөөнийг үндэслэгч мулла Омарын том хүү Мулла Мохаммад Якуб (30 настай) Батлан хамгаалахын сайдын албан тушаалд томилогджээ. Пакистаны Карачи хотод хэд хэдэн шашны сургуульд суралцаж, боловсрол эзэмшсэн.“Талибан” хөдөлгөөний дээд удирдагчийн орлогчдын нэг. Түүнийг Афганы армийн эсрэг цэргийн ажиллагаагаа зогсоохыг дэмждэг нэгэн гэж үздэг. 
 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
bugd alan xyadagch
2021-09-08
Dan alan hydagchuud l bnshdeee
2021-09-04