Ахмад Масуд талибуудыг дайралтаа зогсоохыг уриалжээ
2021-09-06

Афганистаны Үндэсний эсэргүүцлийн фронтын тэргүүн Ахмад Масуд "Талибан" хөдөлгөөнтэй энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаа хэмээн мэдэгджээ. Энэ талаар ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

Тэрбээр шашны зүтгэлтнүүдийн санал болгосон энхийн зохицуулалтын төлөвлөгөөг дэмжиж байгаагаа онцлоод, Панжшер рүү дайрахаа зогсоохыг талибуудад уриалсан байна. Энэ тохиолдолд фронтынхон байлдааны ажиллагаагаа зогсооход бэлэн гэж Ахмад Масуд мэдэгджээ.

 

Үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөнийнхөн Кабулаас хойд хэсэгт байх Парван мужийн төв Чарикар хотыг хяналтдаа оруулсан, талибууд ихээхэн хохирол амссан талаар есдүгээр сарын гуравны өдөр мэдээлж байлаа. Үүний дараа Масуд мэдэгдэл хийхдээ "Талибан" хөдөлгөөнийг эсэргүүцэгчид зэвсгээ хаях бодолгүй байгаа хэмээн онцолж байв.

 

"Бид Бурхан, эрх чөлөө, шударга ёсны төлөө тулалдахаа хэзээ ч зогсоохгүй " хэмээн Масуд мэдэгдэж байлаа.

 

Сүүлийн өдрүүдэд талибууд ихээхэн хохирол амссан ч Панжшерийн хөндийг олон талаас нь дайрахаа зогсоохгүй байгаа юм. Үндэсний эсэргүүцлийн фронтын мэдээллээр, "Талибан" хөдөлгөөний олон зуун дайчин, тэр дундаа гадаадын дайчид алагдаж, олон зуун хүн шархдан, олзлогдсон байна. Ням гарагт талибууд дахин гурван чиглэлээр дайралтаа хийсэн бөгөөд хэд хэдэн бүс нутагт ширүүн тулалдаан үргэлжилж байгаа талаар талууд мэдээлжээ. 

Талибан Панжшерийн нийслэлийг эзэлснээ, эсэргүүцэгчид талибын командлагчийг устгаснаа зарлав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин