Талибууд Засгийн газарт эмэгтэйчүүдийг багтаана гэж амлав
2021-09-09

Наймдугаар сарын 15-ны өдөр Афганистаны нийслэлд орж ирсэн талибууд тус улсад бүрэн хяналтаа тогтоосноор энэ долоо хоногт шинэ засгийн газрын бүрэлдэхүүнээ зарласан юм. Энэ шинэ засагт нэг ч эмэгтэй багтаагүй нь Афганистаны эмэгтэйчүүдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байв. 

 

Харин Афганистаны Засгийн газрын бүрэлдэхүүнд цаашид эмэгтэйчүүдэд зориулсан албан тушаал гарна гэж "Талибан" хөдөлгөөний төлөөлөгч Забиулла Мужахид мэдэгдсэн байна. Өмнө нь ч энэ бүлэглэл Афганы засгийн газарт эмэгтэйчүүдийг багтаана гэж хэдэнтээ амлаж байсан ч одоогоор засгийн бүрэлдэхүүнд дан эрчүүд багтсан байгаа юм. 

 

"Одоогийн засгийн газар түр засаг. Бид шариатын хуулийг баримтлаад, эмэгтэйчүүдэд зориулсан албан тушаал бий болгоно. Энэ бол эхлэл, бид эмэгтэйчүүдэд байр суурь олгоно. Тэд засгийн газрын нэг хэсэг болно. Энэ нь хоёр дахь шатны үйл явц болох юм" хэмээн Забиулла Мужахид Францын телевизэд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.

 

Энд дуулгахад, талибууд өмнө нь, 1996-2001 оны хооронд Афганистанд засаглаж байхад эмэгтэйчүүдийн эрхийг ихээхэн хязгаарлаж байсан юм. Эмэгтэйчүүд нүүрээ будах, олон нийтийн газар нүүрээ харуулах, радио, телевизийн байранд байх, хамаатан садны эрэгтэй хүнийг дагуулалгүйгээр гадагш гарч явахыг хориглож байлаа. Мөн эмэгтэйчүүд "ажлын цагаар хамтран ажиллагсадтайгаа бэлгийн харьцаанд орж болзошгүй" гэж үзэн тэднийг ажил хийхийг ч хориглож байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин