Мэргэжлийн хяналтынхан Ерөнхийлөгчийн анхааруулгыг тоосонгүй
2021-09-15

Коронавирусийн халдварын давалгаа, мэргэжлийн хяналтын байгууллагын дарамтын дороос аж ахуйн нэгжүүд өндийхгүй бололтой. Ямар сайндаа төрийн тэргүүн нь хүртэл мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг цохон байж, анхааруулга өгөхөв.

 

 

Уржигдар Ерөнхийлөгч санаачилж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд оролцсон төр-хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт болов. Төрийн өндөрлөгүүд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих замаар Монгол Улсын эдийн засгийг сэргээх арга замыг эрэлхийлсэн арга хэмжээ гэж болно.

 

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордны индрээс мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг цохож байгаад шалгалт нэрээр дарамт шахалт үзүүлэхээ болихыг анхааруулсан.

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Мэргэжлийн хяналтын байгууллага бизнест учруулдаг хүндрэл, шахалт дарамтаа болих хэрэгтэй. Төр шалгах ёстой зүйлээ л шалга. Шалгалтаар дарамтлаад баймааргүй байна” гэсэн анхааруулга сануулгыг өгөв.

 

Ерөнхийлөгчийн хэлсэн үгний шүлс хатаж амжаагүй байхад нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өчигдөр Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Element’s баарны үйл ажиллагааг зогсоожээ. Зөвшөөрөлгүй архи согтууруулах ундаа зарсан, халдвар хамгааллын дэглэм бариулаагүй, цаг хэтрүүлсэн зөрчил гаргасан учраас энэ баарны хаалгыг бариулж. Энэ нөхцөл байдлаас харвал “Хариуцлагын гэрээ зөрчсөн” энэ баар хүртэх ёстойгоо л хүртэж.

 

Гэхдээ гээд мэргэжлийн хяналтын байгууллагатай холбоотой асуудал мундахгүй олон. Энэ байгууллагын шалгалт, шахалт дарамтаас залхаад үйлчилгээний газраа зарахын түүс болсон хүнтэй ч тааралдаж байлаа. Шалгалт бол хааж боохын, хясаж хавчихын нэр биш. Тэр тусмаа төрийн нэрийн өмнөөс ажил олгодог, үйлчилгээ эрхэлдэг хэдээ шахаж дарамтлаад байвал нөгөө эдийн засгийг чинь хэр сэрээх билээ. Тиймдээ ч төрийн тэргүүн энэ байгууллагад онцгойлон анхааруулга өгсөн.

 

Монголын эдийн засаг ажил, үйлчилгээ эрхэлдэг хэдхэн байгууллагын нуруун дээр үүрэгддэг. Тиймээс ч тэднийгээ дэмжиж байж, цар тахлын үед эдийн засгаа унагаахгүй авч гарахыг төрийн удирдлагууд хүсч байна. Харин мэргэжлийн байгууллагууд нь хяналт шалгалт нэрээр хяхаж хавчихгүй л байгаасай даа.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Бааска:
Ийм тэнэг юм бичихээ болиоч. Архидан согтуурч, ар гэр аав ээжээ өвчлүүлж байгаа хүмүүсийн зөв үү. Сайн ажиллаж, зөв л юм хийсэн байна ш дээ. Хүний анхаарал татах гээд ядчих юм аа гарчиг нтрээрээ
2021-09-15