Афганистан: Гэртээ хоригдсон эмэгтэйчүүд
2021-09-23

Афганистаны эрх мэдлийг гартаа авсан "Талибан" хөдөлгөөн "исламын үнэт зүйлс"-ийн дагуу эмэгтэйчүүдэд хандах тал дээр байр сууриа зөөлрүүлж, тэднийг ажиллах, сурахыг зөвшөөрнө хэмээн амлаж байв. Гэхдээ тэд амлалтаа биелүүлэхгүй л байгаа юм. 

 

Эмэгтэйчүүд талибуудын эрх барьж буй Афганистанд хэрхэн амьдарч байгаа талаарх сурвалжлагыг ВВС агентлаг нийтэлжээ. Энэ агентлагийн сурвалжлагчтай ярилцсан нэгэн эмэгтэй гэрээсээ гарахаас ч айж байгаагаа ярьсан байна. Паранж буруу өмссөний төлөө зодож, эсвэл эрэгтэй хүнгүйгээр таксинд зорчсоныхоо төлөө шоронд сууж байсан 20 жилийн өмнөх байдал давтагдана гэж афган эмэгтэйчүүд эмээж байгаа гэнэ. 

 

Эмэгтэйчүүдийн энэ болгоомжлолыг олон улсын хүний эрхийн байгууллагууд ч баталж байгаа аж, тэдний мэдэгдсэнээр талибууд олон мужид охидыг сургуульд сурах, харин эмэгтэйчүүдийг гэрээсээ гарахыг хоригложээ. 

 

Есдүгээр сарын 11-ний өдөр толгойноосоо хөл хүртэл битүү, уламжлалт хувцас өмссөн 300 орчим эмэгтэй Кабулын улсын их сургуульд "Талибан" хөдөлгөөнийг дэмжин жагсаал хийсэн юм. Тэд шинэ эрх баригчдыг хүлээн зөвшөөрч, өрсдийгөө талибуудын удирдлаган дор бүрэн аюулгүй байдалд байгааг мэдэрч байгаагаа илэрхийлсний дээр Барууны орнуудыг болон исламын хувцасны дэг журмыг мөрдөхөөс татгалзаж байгаа хүмүүсийг шүүмжилсэн байна. 

"Афганистаныг орхин гарсан эмэгтэйчүүд биднийг төлөөлж чадахгүй" хэмээн жагсагчдын гарт байх хуудсан дээр бичжээ 

ВВС агентлагийн мэдээлснээр, ийнхүү жагссан эмэгтэйчүүд Афган дахь бүх эмэгтэйчүүдийг ч төлөөлж чадахгүй байгаа гэнэ. Кабулын зах хэсэгт амьдардаг 17 настай Сюзан охин гурван долоо хоногийн туршид гэрээсээ гарахгүй байгаа аж. Тэрбээр талибууд Мазари-Шариф хотод орж ирэхээс өмнө өдөр бүр гадаад хэлээ судлан, хичээллэдэг байсан гэнэ. Талибууд мужуудыг ээлж дараалан хяналтдаа авсаны дараа тэдний гэр бүл аюулгүй байна гэж найдан Кабул руу дүрвэсэн байна. 

 

Сюзаны гэр бүл 1998 онд талибууд ихээхэн хавчин хяхаж, зэрлэг хэрцгий ханддаг байсан угсаатны цөөнх болох хазарачууд аж. Түүний эцэг талибуудыг эсэргүүцэж байсан армид алба хааж байсан бөгөөд олон сарын туршид сураг тасарчээ. 


Талибан эмэгтэйчүүдэд юу амлав? 

"Талибан" 1996-2001 онуудад Афганистаны эрхийг барьж байхдаа шариатын хуулийг баримтлан, эмэгтэйчүүдэд ихээхэн хатуу журам тулгадаг байв. Тухайн үед наймаас дээш насныхан сургуульд сурах боломжгүй, эмэгттэйчүүдийг ажиллахыг хориглож байлаа. Эмэгтэйчүүд нөхрөө хуурвал чулуу шидэж шийтгэдэг байв. 


Human Rights Watch хүний эрхийн байгууллагын 2001 онд гаргасан Афганистаны нөхцөл байдлын талаарх илтгэлд нэгэн эмэгтэй паранж өмсгөлийнх нь нүд гардаг хэсэг хэтэрхий том байна гэсэн шалтгаанаар хүүхдийнхээ нүдэн дээр талибуудад зодуулсан талаараа ярьжээ. "Ёс суртахууны цагдаа”-ын ажилтнууд шариатын хуулийг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавин, хувцсаа буруу зөрүү өмссөн шалтгаанаар ташуурддаг байсан гэнэ. Мөн эрэгтэй хүн дагалдуулалгүйгээр таксигаар зорчсон эсвэл биеийн галбир тодотгосон хувцас өмссөнийхөө төлөө шоронд хоригдох ч аюултай байсан аж. 


Хувцаслалтын журмыг хаа сайгүй хатуу чанд мөрдөхийг шаардаж, мэс засал хийж байх үед нь эмэгтэй эмчийг толгойгоо битүү бүрхсэн хувцас өмсөхийг ч шаардаж байсан гэнэ. 


Хорин жилийн дараа талибууд эргэн засгийн эрхэнд ирэхдээ байр сууриа зөөллөнө гэж мэдэгдсэн юм. Эмэгтэйчүүдийн эрхийг хүндэлж, боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэхийг нь зөвшөөрнө хэмээн амлаж байлаа. Тэд үүнийхээ баталгаа болгон эмэгтэй эмч нарыг ажилдаа орохыг уриалж, шинэ засгийн газарт эмэгтэйчүүдийг оролцуулна хэмээн мэдэгдсэн юм. 


Гэвч үүний дараагаас л тэдний үг үйлдэл зөрсөн мэдээллүүд цуврах болов. Эмэгтэй сэтгүүлчдийг дэлгэцээр гарах, Кабулын захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийг ажидаа явахыг хориглосон бөгөөд эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дугарах төдийд хатуу эсэргүүцлэлтэй тулгарсаар байгаа аж. Түүнчлэн талибууд Эмэгтэйчүүдийн хэрэг эрхлэх яамыг хааж, засгаа бүрдүүлэхдээ ч эмэгтэйчүүдийн төлөөллийг багтаагаагүй юм. 

Талибууд эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр засгаа өргөжүүлэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин