Пермь: Халдлагын хохирогчдод туслахаар иргэд олноороо цусаа хандивлаж байна
2021-09-23

Есдүгээр сарын 20-ны өдөр Пермийн их сургуульд тус сургуулийн оюутан зэвсэгтэй ирж, халдлага үйлдэн зургаан хүний амийг хөнөөж, олон хүнийг шархдуулсан юм. 

 

Пермь: 18 настай оюутны гарт амиа алдсан хүмүүс 18-66 насныхан байжээ

Халдлагын улмаас шархадсан хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдэнд туслах зорилгоор Пермийн оршин суугчид олноороо цус өгөх хэсэгт хандах болжээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, хотын оршин суугчид цус өгөх хэсэгт ирж, цусаа өгөхөөр урт дараалал үүсгэн зогссон байна. Хотод цусны нөөц хангалттай байгаа гэж эмч нар мэдэгдсэн ч хүмүүс халдлагын хохирогчдод туслахаар ийнхүү урт дараалал үүсгэжээ. Есдүгээр сарын 22-ны өдөр гэхэд л 480 хүн цусаа өгсөн гэнэ.

 

Пермийн их сургуульд болсон халдлагын улмаас зургаан хүн нас барсан бөгөөд тэднийг оршуулах ёслол өчигдөр болсон байна. Энэ халдлагын улмаас гэмтэж, шархадсан хүмүүсийн тоо 43-д хүрсэн талаар есдүгээр сарын 22-ны өдөр мэдээлж байв. Үүнээс 12 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь нэн хүнд байгаа цорын ганц өвчтөн нь гал нээсэн оюутан аж. Цагдаагийн алба хаагч түүнийг аюулгүй болгох үүднээс буудаж шархдуулан, дараа нь эмнэлэгт хүргэгдтэл нь анхны тусламж үзүүлж байсан гэнэ. Сэжигтэн цус ихээр алдсаны дээр түүний хөлийг тайрчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин