Намрын чуулганаар юу хэлэлцэх вэ
2021-09-28
Caption

УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын нэгэн буюу баасан гарагт нээлтээ хийнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, 2021 оны намрын ээлжит чуулганаар, аравдугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоосон байна.

 

Жил бүрийн намрын чуулган Монгол улсын ирэх оны улсын төсөв, эдийн засаг нийгмийн үндсэн чиглэл,  мөнгөний бодлогыг хэлэлцэн батлах гээд хуулийн хугацаатай төслүүдээс гадна цаг үеийн шинжтэй асуудлыг хэлэлцэх гээд ачаалал ихтэй байдаг. Засгийн газар 2022 оны Улсын төсвийн төслийг боловсруулан хэлэлцэж байгаа. Ирэх оны улсын төсвийн гол орлогы уул уурхайн бус салбараас бүрдүүлнэ гэж тооцоолсон байна лээ. Учир нь цар тахлын халдварын үеийн хямрал ирэх онд ч үргэлжилж, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт зогсонги хэвээр байх аж. Тиймээс бусад салбараас орлогоо бүрдүүлэх юм. 

 

Харин өчигдөг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-д Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийг өргөн барилаа. Үндсэн чиглэлд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2022-2024 онд нэмэх, хасах 2 хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах, КОВИД-19 цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгийн сэргэлт, дунд хугацааны макро тогтвортой байдлыг дэмжсэн зээлийн тогтвортой өсөлтийг хангаж, банкны системд эрсдэл хуримтлагдахаас сэргийлсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх, төвбанкны олон нийттэй харилцах харилцааг хөгжүүлж, бодлогын ил тод байдлыг хадгалахг, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан банкны салбарын хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлж, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд мөрдөгдөж буй зохицуулалтыг ердийн нөхцөлд шилжүүлэх төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх зэрэг асуудлыг тусгасан байна лээ.

 

Үүнээс гадна Төвбанк цахим мөнгө гаргах талаар судалж, хөгжүүлэхээр төсөлд тусгасан нь олны анхаарлыг татаж байна. Учир нь манай  улсын зарим банк, санхүүгийн салбар цахим мөнгийг хэрэгжүүлээд эхэлсэн. СЗХ-ноос виртуал хөрөнгө болох  койн зэрэг манай улс хуульчлаагүй, эрсдэл өндөртэй учир иргэд, байгууллага хохирлоо өөрсдөө хариуцахыг анхааруулсаар байдаг. Харин энэ намрын чуулганаар  УИХ цахим хөрөнгийн хууль эрхзүйн орчныг бий болгохоор төсөл боловсруулан ажиллаж байгаа. 

 

Ямартай ч энэ намрын чуулганы хугацаанд нийт 24 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Зөвшөөрлийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Актив удирдлагын компанийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай зэрэг хуулиуд багтсан байна.

Н.Энхлэн 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин