Афганистан: Шоронгоос суллагдсан алуурчид эмэгтэй шүүгчдийг ангуучилж эхэлжээ
2021-09-29

Наймдугаар сард "Талибан" хөдөлгөөн Афганистаны эрх мэдлийг гартаа авсны дараа тус улсад шүүгчээр ажилладаг байсан эмэгтэйчүүд дүрвэж, нуугдахаас аргагүй болсон гэнэ. Учир нь шүүгч эмэгтэйчүүд ял оноон хорих газар руу илгээсэн хүмүүсийг талибууд сулласан бөгөөд тэдний дунд алуурчид олон байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Шүүгчээр ажиллаж байсан эмэгтэйчүүдийн нэг нь  ажиллах хугацаандаа эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хөнөөсөн гэх олон зуун эрэгтэйн хэргийг шүүж байсан хэмээн ВВС агентлагт ярьсан байна. Гэвч талибууд хяналтаа тогтоосны дараахан олон мянган гэмт хэрэгтнийг хорих газруудаас суллан, ингээд шүүгч байсан эмэгтэйн амь насыг хөнөөнө гэж заналхийлэх болжээ. Ингээд тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ хамт зугтахаас аргагүй болсон гэнэ.

 

"Хотоос машинаар гарахдаа хэнд ч танигдахгүйн тулд паранжа өмссөн. Азаар бид "Талибан" хөдөлгөөний хяналт шалгалтын бүх хэсгүүдийг давж чадсан" хэмээн эмэгтэй ярьжээ. Тэд хотоос гарсны дараахан тэдний хуучин байранд талибууд ирж, хайсан гэж хөршүүд нь түүнд бичсэн байна. 

 

Өөр нэг афган шүүгч эмэгтэйн ярьснаар эхнэрээ хөнөөсөн эрийн хэргийг тэрбээр шүүж байжээ. Хэрэгтэн этгээд шоронгоос гармагцаа түүнийг хөнөөнө хэмээн заналхийлсэн гэнэ. Мөн "Талибан" хөдөлгөөнийнхөн засгийн эрхэнд гарсны дараа түүнийг утсаар заналхийлэх нь ихэссэн байна.

 

Афганистанд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр анхдагчид байсан 200 гаруй шүүгч нуугдаж, дүрвэхээс аргагүй болжээ. Тэд утасныхаа дугаарыг сольж, нуугдаж амьдран, хэд хоноод л амьдрах газраа солихоос аргагүй байдалд орсон гэнэ.

 

Афганистан: Эмэгтэйчүүд сурах эрхгүй болж, харгис шийтгэлүүд эргэн нэвтрэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хазаарууд Монголд ирвэл аллага гаарна
2021-09-30