Чуулганы нээлт, сөрөг хүчний цуглаантай намрын улс төр
2021-10-01

Өнөөдөр намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Намрын ээлжит чуулганаар гишүүдийг цаг үеийн болоод бусад асуудлаар их ажил хүлээж байгаа. Засгийн газар, Монгол банк хуулийн хугацаатай өргөн барьж хэлэлцүүлэх төслүүдээ УИХ-д хүргүүлсэн байгаа.

2022 онд 5.0 хувьд хүрч цаашид өсөлт тогтворжих төлөвтэй хэмээн тооцоолжээ. Ирэх 2022 онд төсвийн орлогын чиглэлээр эдийн засгийн сэргэлтийг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, төрийн өмчийн хуулийн этгээдийн хөрөнгийн өгөөжийг дээшлүүлэх, засаглалыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төрийн хяналт шалгалтыг оновчтой, түргэн шуурхай болгох зэрэг бодлого хэрэгжүүлэх юм байна.  Эрүүл мэндийн даатгалын сангаас 18-аас дээш насны иргэдэд 12 төрлийн оношилгоо, шинжилгээ хийлгэх 43-75 мянган төгрөгийн багцыг 2018 оноос эхлэн санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.  Гэвч 2020 оны статистикаар 18-аас дээш насны хүн амын 7.9 хувь нь тус багцын шинжилгээнд хамрагджээ. Тиймээс  хамрах хүрээг өргөтгөх зорилгоор насны багцыг шинэчилж, хүн амыг жилд нэг удаа үзлэгт хамруулах ажлыг 2022 оноос эхлүүлэхээр төлөвлөж, төсвийн төсөлд тусгасан байна лээ.

 

Хүүхдийн мөнгөний тухайд 2022 оны төсвийн жилд, 1 дүгээр сарын 1-ээс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн хуримтлалыг 100,000 төгрөг хүртэл сонголтоор, харин 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш 50,000 төгрөгөөс доошгүй хэсгийг хуримтлуулж үлдсэн 50,000 төгрөгийг бэлнээр буюу хүүхэд бүрд нийт 100,000 төгрөг гэсэн зарчмыг хадгалах аж.    Төсвийн төсөлд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 15.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нийт зарлагын хэмжээг 18.2 их наяд төгрөг буюу 38.8 хувь, төсвийн алдагдлыг 1.3 их наяд төгрөгөөр огцом бууруулж, -2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий -5.1 хувь байхаар төлөвлөжээ.

Харин Монгол банкнаас барьсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2022-2024 онд нэмэх, хасах 2 хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах, КОВИД-19 цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгийн сэргэлт, дунд хугацааны макро тогтвортой байдлыг дэмжсэн зээлийн тогтвортой өсөлтийг хангаж, банкны системд эрсдэл хуримтлагдахаас сэргийлсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх, төвбанкны олон нийттэй харилцах харилцааг хөгжүүлж, бодлогын ил тод байдлыг хадгалахг, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан банкны салбарын хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлж, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд мөрдөгдөж буй зохицуулалтыг ердийн нөхцөлд шилжүүлэх төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх зэрэг асуудлыг тусгасан байна лээ.

 

Үүнээс гадна Төвбанк цахим мөнгө гаргах талаар судалж, хөгжүүлэхээр төсөлд тусгасан нь олны анхаарлыг татаж байна. Учир нь манай  улсын зарим банк, санхүүгийн салбар цахим мөнгийг хэрэгжүүлээд эхэлсэн. СЗХ-ноос виртуал хөрөнгө болох  койн зэрэг манай улс хуульчлаагүй, эрсдэл өндөртэй учир иргэд, байгууллага хохирлоо өөрсдөө хариуцахыг анхааруулсаар байдаг. Харин энэ намрын чуулганаар  УИХ цахим хөрөнгийн хууль эрхзүйн орчныг бий болгохоор төсөл боловсруулан ажиллаж байгаа. 

 

Ямартай ч энэ намрын чуулганы хугацаанд нийт 24 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Өнөөдөр намрын чуулганы нээлттэй зэрэгцээд сөрөг хүчин АН Сүхбаатарын талбайд "Одоо боллоо..." цуглаан зохион байгуулахаа мэдэгдээд байгаа юм. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн 28, 18 дугаар тойрогт нөхөн сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байгаа.

Ийнхүү намрын их улстөр ширүүхэн эхлэх төлөвтэй байна. 

Н.Энхлэн 

 

Shuud.mn
Сонин хачин